Х.Баттулга: Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Гэр бүлийн үнэ цэн" олон улсын зөвлөгөөн Төрийн ордны их танхимд болов. Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлэхдээ, хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг онцолсон.
Тэрбээр, "Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь, гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас олон мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна. Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, шуурхай, дотно, сэрэмжтэй хандаж чадах нь жирийн иргэд юм. Иргэн бүр ойр орчимдоо байгаа хүүхдийн аюулгүй байдлыг анзаарч, эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг эрс бууруулж чадна. Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж байна" гэлээ.
Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба /ГХУСАЗЗАА/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, ЦЕГ, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан.
Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд, 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаа бөгөөд дийлэнх нь 16-18 насныхан байна. Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил хийдэг ч хангалттай үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөний үеэр цохон тэмдэглэсэн. Тиймээс энэ асуудалд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа мөн хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр, "ЦЕГ-аас “Хүүхэд хамгаалагч” төслийг ХНХЯ-тай хамтран улс орон даяар энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү төслийн зорилго нь гудамж талбайд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй газрыг иргэд, олон нийтийн оролцоотой байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудын сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулах ажлыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага зохион байгуулна.
Үүний зэрэгцээ “Зөв тусгал” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулж байгаа юм байна. ГХУСАЗЗАА, ГБХЗХГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа дээрх хөдөлгөөнийг иргэн бүр дэмжиж, ажиллахыг уриалж байна" хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөний үеэр, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь иргэн бүрийн оролцоо гэдгийг дахин цохон тэмдэглээд, ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриалав. Зөвлөгөөн эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил гэсэн үндсэн хоёр сэдвээр үргэлжилсэн.