"Шилдэг бизнес төсөл"-ийн уралдаанд 690 сурагч оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-15 17:12:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд болсон “Шилдэг бизнес төсөл 2019” уралдаанд 690 сурагч оролцжээ. Уралдаанд оролцогчдыг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч, амжилттай оролцсон 30 сурагчдад шагнал гардуулав.



Ёслолын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр, “Хүн болгон хичээн ажиллаж, хөдөлмөрлөж байж өрх гэрээ, улс орноо өөд нь татна гэдэг энэ үзэл санаа, сэтгэлгээг нийгэмдээ түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Монголын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн бодож сэтгэдэг, шинийг олж санаачилдаг, түүнийгээ ажил болгож чадвал айл гэрийн амьдрал өөдрөг байна. Энэ хэрээр улс орон маань ч хөгжин дэвжинэ. Сайн эхлэл гэдэг ажлын хагас байдаг. Та бүхэн ажлынхаа хагасыг хийчихлээ. Гэхдээ хамгийн чухал нь ажлын төгсгөл байдаг гэдгийг мартаж болохгүй. Ажлаа үр дүнд хүргээрэй. Санаачилга тань амьдралд хэрэгжиж, Монголын ирээдүй улам гэрэлтэй байх болтугай. Үүний төлөө бид чармайн ажиллаж, хүүхдүүд та бүхнийг дэмжих болно” гэв.


Тэрбээр мөн АНУ-д хүүхдүүдийн бизнес санааг хэрхэн дэмжиж, ажил хөдөлмөрт бэлтгэдэг талаар “Насанд хүрсэн хүн л амжилттай бизнес хийдэг гэдэг юм байхгүй. Дэлхийд нэр алдараа цуурайтуулсан тэрбумтнууд сурагч байхдаа бизнес санаачилж, түүгээрээ амжилт олсон байдаг шүү” гээд дэлхийд алдартай хүмүүсийн жишээг ярилаа.



УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, "Энэхүү уралдаанаар, ирээдүйн баялаг бүтээгч, олон зуун ажлын байр шинээр бий болгох бизнесменүүд төрөн гарах эхний алхмаа хийж байна. Тэдний урам зоригийг төрүүлэхэд энэ уралдааны зорилго, ач холбогдол оршиж байгаа юм" гэв.


Уралдааны тэргүүн байрт 10 сая төгрөг, дэд байрт 5 сая төгрөг, гутгаар байрт 3 сая төгрөгөөр шагнажээ. Мөн амжилттай оролцсон 27 сурагчид тус бүр 800 мянган төгрөгөөр урамшуулсан байна. Сурагчдын дунд шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдааныг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ