Мандалговь хотын урд хэсэг гялгар уутнаасаа саллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-15 20:24:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ-наас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор зохион байгуулж буй “Байгалиа хамгаалья” аяны хүрээнд БОАЖГ, ЭМГ, БТСГ хамтран “Байгалиа хамгаалья, гялгар уутнаас татгалзья” явган аяллыг тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.

Тус аялалд 25 байгууллагын 200 гаруй албан хаагчид оролцон, Чагдаржавын талбайгаас эхлэн Хөрхийн хад хүртэл маршрутаар гялгар уут түүж, байгалиа хамгаалах үйлсэд нэгдсэн байна.  

Аймгийн төвөөс урагш өнгө өнгийн гялгар уут хийсч, бут, дэрсэнд тогтон байгаль орчныг бохирдуулаад зогсохгүй малын гэдсэнд орж, эмгэгтэй болгох аюултай.

Тиймээс гялгар уут түүх энэ ажилд идэвх оролцоогоороо манлайлан оролцсон байгууллагуудыг шалгаруулж, шагнасан бөгөөд багуудын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж идэвхжүүлжээ.

Энэхүү үйл ажиллагаанд бусад байгууллагаа манлайлж оролцсон Сайнцагаан сумын Ахмадын хороог “Байгальд ээлтэй байгууллага”-аар өргөмжилсөн ба буухиа тэмцээнд ОБГ түрүүлж, Цагдаагийн газар,  МСҮТ-ийн хамт олон удаалсан байна.

 

Холбоотой мэдээ