НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Баянхонгорт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-16 15:38:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, хатагтай Каори Ишикава тэргүүтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

НҮБ-ын Хүн амын сангаас хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээний төвийн тоног төхөөрөмж нийлүүлсэн, Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг байгуулж өгсөн зэргээр Баянхонгор аймгийн хүүхэд залуучууд, иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудыг дэмжиж, санхүүжүүлэн ажиллаж ирсэн. Энэ удаад НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эх барихын яаралтай тусламжийн сургалтын болон зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх, эх барихын яаралтай тусламжийн өртөөчилсөн сургалтын өрөөг байгуулж, сургалтын өртөөг ашиглах сургалт зохион байгуулах, өвчтөний биеийн байдлыг шууд дамжуулах камерыг суурилуулж, ЭХЭМҮТ-ийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжээс зайн оношилгооны зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх ажлуудыг төлөвлөн иржээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат холбогдох төрийн байгууллагын удирдлагуудын хамт албан ёсоор хүлээж авлаа. Тэрээр баянхонгорчуудын тэр тусмаа хүүхэд залуусын эрүүл мэнд, хөгжил, дэвшил, оролцоонд бодитой томоохон хөрөнгө оруулалтыг хийж ирсэн явдалд НҮБ-ын Хүн амын сангийнханд гүн талархал илэрхийллээ.

Баянхонгор аймагт ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Зайн оношилгооны төслийн НҮЭМ хариуцсан мэргэжилтэн Б.Шинэтөгс, Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун, Хөтөлбөрийн ажилтан Ж.Солонго,орчуулагч Д.Энхчимэг, ЭМЯ-ны НЭМГ-ын НҮЭМ, өсвөр үе хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Байгалмаа, ЭХЭМҮТ-ийн мэдээлэл, технологийн инженер С.Наранбаатар, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Сансар нарын албаны төлөөллүүд багтжээ. Эдгээр бүрэлдэхүүн үндсэн гурван хэсэгт хуваагдан холбогдох газруудад ажиллан өөрсдийн чиглэлээр сургаж, мэдлэгжүүлэх ажлуудыг гардан явуулах юм байна.

Уулзалтын үеэр Баянхонгор аймагт сүүлийн жилүүдэд буурахгүй тогтмол өсөх хандлагатай байгаа бэлгийн замын өвчлөл, охидын жирэмслэлт, үр хөндөлтийг бууруулах тал дээр хамтран ажиллах саналтай буйгаа аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат танилцуулаад, аймагт хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ бүрт орон нутгийн зүгээс бүхий л боломжоороо дэмжиж хамтарч ажиллах болно гэлээ.

Холбоотой мэдээ