НИТАЖ-ын талаарх мэдлэг ойлголтыг бэхжүүллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-17 16:52:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол-Тайланд-Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Увс, Сэлэнгэ, Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна.
Баянхонгор аймаг нь говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг бөгөөд энэ онцлогоо жуулчдад таниулах оновчит арга зам нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал гэж тодорхойлоод байгаа юм. Энэ хүрээнд НИТАЖ /Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал/-ын мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, чадавхжуулах зорилгоор Богд сумын төвд Таван эрдэнэ, Мөнх цаст, Гэгээн тал нөхөрлөлийн 15 гишүүн, Эрдэнэцогт сумын Дөш толгойд байрлах Дөш нөхөрлөлийн найман гишүүнд сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар аймаг орон нутгийн НИТАЖ-ын талаар баримталж буй бодлого чиглэл, “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн танилцуулга, нөхөрлөл байгуулах үе шат, НИТАЖ-ын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, анхаарах асуудал, орон нутгийн нөөц боломжийг оролцооны аргаар судлах, аяллын хөтөлбөр боловсруулах, НИТАЖ хөгжүүлсэн сайн туршлагын талаар мэдээлэл өгсөн байна.
Мөн Жинст сумын Улиастайн аманд байрлах Мөнх цаст нөхөрлөлийн боловсруулсан маршрутын дагуу нэг өдрийн туршилтын аяллыг зохион байгуулж, аялалд оролцогчид нөхөрлөлийн гэрүүдээс 7 км-ын зайд байрлах Оюу, Номин нуур руу явган аялал хийж, дотоодын аялагчдын хувьд сонирхол татах аялал болох боломж байгааг онцолж, сайжруулах зөвлөмж өгч ажиллажээ.
Холбоотой мэдээ