Газар хөдлөлт аймгийн төвд ч мэдрэгджээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-17 17:09:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар 2019.05.16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл мөн үеэр газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох сумдад болон аймгийн төвд ч мэдрэгджээ.

Аймгийн төвийн орон сууцнуудын дээд давхрын айлуудад чичирхийлэл илүү мэдрэгдсэн тухай иргэд ярьсан бөгөөд, "Хананд өлгөөтэй байсан медалиуд хавиралдаж дуугарсан, жаазтай зураг чичирхийлсэн, гэнэт толгой эргээд муужрах шахсан, хана дайвалзах шиг болсон" зэрэг мэдээллийг хэлж байна. Харин орон сууцны доод давхрын айлууд, гэр хорооллын айлуудад төдийлөн мэдрэгдээгүй байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн газруудад ямар нэгэн хохирол учраагүй болохыг албаныхан мэдээлэв.

Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна. 

Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр буюу одоогоос 61 жилийн өмнө болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ. Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогдох тус газар хөдлөлтийн чичиргээ орон даяар мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, тал нутаг байсан учир хохирол харьцангуй бага гэх ч нарийн тоон мэдээлэл байдаггүй аж. Энэ газар хөдлөлтийн уршгаар мал хуй олноор хорогдож, найман хүний амь эрсэдсэн гэдгийг зарим эрдэмтний судалгааны ажилд дурдагдсан байдаг.

Сонирхуулахад, Газрын царцдасаас тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхай долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх процессыг газар хөдлөлт гэж нэрлэдэг байна. Газар хөдлөлтийг тойм байдлаар нь нэг хүртэлх баллыг сул, 1-7 баллыг хүчтэй, 8 балл ба түүнээс дээшхийг сүйтгэгч хөдлөл буюу их хүчтэй газар хөдлөлтөд тооцдог аж.

Холбоотой мэдээ