Кубад “Зика” вирусийн халдварын долоо дахь тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-28 13:21:09

ГАВАНА. /TASS/. Өөр улсад “Зика” вирусийн халдвар авсан долоо дахь тохиолдол Куба улсад бүртгэгдсэн байна. Уг вирус Бразилд ажиллаж буй Кубын эмнэлгийн төлөөлөгчдийн ажилтанд илэрчээ.

Кубын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар, “өөр улсад халдвар авсан долоо дахь тохиолдол илэрсэн 36 настай, Кубын эмнэлгийн ажилтан эмэгтэй Бразилаас гуравдугаар сарын 22-нд ирсэн байна”.

Эмч эмэгтэй эх орондоо буцаж ирэхдээ долоон сартай жирэмсэн, өвчний гадаад ямар нэг шинж тэмдэг илрээгүй иржээ. Биеийнх нь байдал болон вирусийн урагт учруулж болзошгүй аюулыг харгалзан түүнийг эмнэлэгт хэвтүүлж, шинжилгээ хийсэн байна. Цусны шинжилгээгээр уг эмэгтэй вирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Энэ нь Кубын иргэн Бразилд халдвар авсан хоёр дахь тохиолдол юм. Халдварын анхны тохиолдол Өмнөд Америкийн тус улсад хувийн шугамаар ажиллаад ирсэн 27 настай залууд илэрчээ. Үлдсэн таван тохиолдол нь Венесуэлд халдвар авсан байна.

Дээрх долоон тохиолдлоос гадна Кубаас гадагш зорчоогүй 21 настай, Гавана хотын оршин суугчид “Зика” вирус илэрсэн юм.

Арлын тус улсад одоогийн байдлаар “Зика” вирусийн халдвар авсан найман тохиолдол бүртгэгдээд байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ