Лалын эвсэл терроризмын аюул заналхийлсэн орнуудад цэргээ илгээхэд бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАБУ-ДАБИ. /TASS/. Лалын шашинт орнуудын цэргийн эвсэл нэгдсэн хүчнээ терроризмын аюул заналхийлж буй орнуудад илгээхэд бэлэн байна гэж Саудын Арабын Батлан хамгаалахын сайдын зөвлөх, генерал Ахмед Асири мэдэгджээ.
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон лалын шашинт орнуудын эвсэлд оролцогч улсуудын анхны зөвлөгөөний үр дүнд тайлбар өгөхдөө тэрбээр, “уг эвсэл нь террористуудын зүгээс аюул учирч буй улс оронд цэргээ илгээнэ” гэж хэлсэн байна. Гэхдээ ийм шийдвэрийг “тухайн орны эрх баригчид тусламж хүссэний дараа, эвсэлд цэргийн дэмжлэг үзүүлэхийг хүсэн хандсан улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх үндсэн дээр” гаргах боломжтой гэж Асири үргэлжлүүлэн хэлжээ. Асиригийн хэлснээр, эвсэл нь “цэргийн ажиллагааг удирдан явуулахгүй бөгөөд харин терроризмтой тэмцэхэд хамтын хүчин чармайлтыг зохицуулах аж”.
Тус эвсэл “олон улсын бусад эвсэл болон байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа зохицуулна” гэдгийг Асири мөн мэдээлжээ. Лалын шашинт орнуудын цэргийн эвслийн дараагийн хурлыг Батлан хамгаалах сайд нарын түвшинд зохион байгуулна гэдгийг тэрбээр мэдээлсэн байна. Гэхдээ Саудын Арабын генерал уг хурлыг хэдийд, хаана зохион байгуулахыг дурдсангүй.
Терроризмтой тэмцэх лалын шашинт орнуудын цэргийн эвсэл байгуулсныг мөн террорист бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагааг зохицуулах ерөнхий төвийг Саудын Арабын нийслэл хотод байгуулахаар төлөвлөж буйг өнгөрсөн оны 12 дугаар сард Эр-Рияд хотод мэдэгдсэн билээ. Уг эвсэлд Арабын 17 орныг оруулаад 39 улс нэгджээ.
Д.Жаргал