Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилт баталжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-20 11:42:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ онд Хэнтий аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд зургаан төрлийн хөтөлбөрт нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилт баталжээ.

Олгохдоо нэгдүгээр шатанд иргэдийн дундаас шалгарсан хувиараа хөдөлмөр эрхлэгчийг өөрсдийнх нь бичсэн төслөөр, ХХҮГ-аас хоёрдугаар шатны шалгаруулалт хийхдээ хүссэн иргэдийг байлцуулж, Шаарк танк хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогддог ажлын байрыг дэмжих хөтөлбөр зарлагдаж эхэлсэнтэй холбоотойгоор ХХҮГ-ын мэргэжилтнүүд багийн төвийн зохион байгуулагч нарт танилцуулга хүргэн ажиллаж байна. Учир нь энэ онд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгосныг уялдуулж хөтөлбөрт хамрагдах иргэнийг багийн хурлаар хэлэлцэж дэмжүүлэх аргачлалыг баримтлах аж.

Өмнөх хоёр жилийн туршлагаас үзэхэд төслийг зориулалтын дагуу ашиглахгүй байсан алдаа дутагдал ажиглагдаж байжээ. Иймээс энэ жил бүх төрлийн бичил бизнесийг дэмжих бодлого барьж байна. Түүнчлэн энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас батлагдсан төсвийн дагуу 36 сарын хугацаатай, хүүгүй, тав хүртэлх сая төгрөгийн санхүүжилтыг шалгарсан төсөл бүрт аль болох танахгүй олгохыг зорьж байгааг дуулгалаа.

Ингэхдээ багийн хурлаар хэлэлцүүлж, сонгогдсоны үндсэн дээр ХХҮГ-ын сургалтад хамрагдаж, төслөө бичин тухайн төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.  

Холбоотой мэдээ