Харганатын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-20 13:53:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг Наранбулаг сумын нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагаатай өнгөрсөн баасан гарагт очиж танилцлаа. Уг уурхайг Казахстан улсын хөрөнгө оруулалттай “Эй Эл Жи Ти” ХХК /”ALGT” LLC/ хариуцан ажиллуулж байна.

Ажлын хэсгийн гишүүд тус компанийн тусгай зөвшөөрлүүд, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байдал, Наранбулаг сумтай байгуулсан гэрээний биелэлт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний тайлан болон бусад ажилтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

“Эй Эл Жи Ти” ХХК компани нь 2008 онд тус ордыг ашиглах 13766А зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эхэлсэн боловч тухайн үеийн дэлхийн эдийн засгийн хямрал, төмрийн хүдрийн уналтаас шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоосон байна. Гэвч 2016 оноос замын дэд бүтэц, зах зээлийн нөхцөл сайжирснаар 2017 оны 5 дугаар сард Наранбулаг сумтай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа дахин эхэлсэн байна.

Тус уурхайд одоогийн байдлаар уурхайн ажилчин 23, тээврийн жолооч 168 хүн ажиллаж байгаа бөгөөд 2016-2018 онд нийтдээ 75341 тонн төмрийн хүдрийг экспортолж орон нутгийн төсөвт 210 сая төгрөгийг төлсөн байна. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Наранбулаг, Өлгий суманд нийтдээ 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгээд байгаа аж.

Холбоотой мэдээ