Дарьганга хувцас урлаачдын шилдгүүд удахгүй тодорно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар
аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй “Агтана хүрээт” төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй
хувцасны салон, оёдлын газар, мэргэжлийн загвар зохион бүтээгч, хувь уран бүтээлчдийн
дунд “Дарьганга хувцас, ёс заншил ба орчин цаг” сэдэвт уралдааныг зарласан. Нийт
зургаан сая төгрөгийн шагналын сантай уралдаан энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд 25-ны
өдөр шилдгүүдийг шалгаруулна.
Дарьганга үндэстний
хувцасны өв соёлыг хадгалах, нийтийн хүртээл болгох, эх оронч үйлдвэрлэгчдийн
ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий тус уралдаан анх удаа, тэр дундаа улсын
хэмжээнд болж буйгаараа онцлог.
Уралдаанд оролцогчид Дарьганга
үндэстний хувцас урлах, эсгэх, оёх арга маягт үндэстний өвөрмөц онцлог, ёс
заншлыг хадгалах хөгжүүлэх, үндэстний дээл хувцасны загварыг орчин үеийн болон
өдөр тутмын хэв маягт тохируулан шинэчлэн загвараа зохиох юм. Мөн Дарьганга
хувцсанд хамаарах гоёл чимэглэлийг орчин үеийн загварт тохирсон шинэ загварын
хувцсанд шингээх, жилийн дөрвөн улиралд өмсөх хувцасны ялгааг тод харуулах,
уран хийцтэй, өнгөний зохицлыг тохируулсан байх шаардлагатай.
Орчин үеийн загварлаг
хувцас, өдөр тутмын хувцас гэсэн хоёр ангиллаар болж буй уралдааны бүтээлийг мэргэжлийн
загвар өмсөгчид танилцуулах аж. Уралдааны шилдэг бүтээлийг гурван сая төгрөгөөр
урамшуулах бол, удаах байруудыг хоёр, нэг сая төгрөгөөр тус тус шагнана. Мөн тухайн
бүтээлүүд нь тухайн загвар зохион бүтээгчийн өмч болон бүртгэгдэх юм.