“Хаадын тоглоом” цувралын сүүлийн ангийг хамгийн олон хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-21 11:43:05

ВАШИНГТОН. /AP/. HBO” сувгийн уран бүтээл “Хаадын тоглоом” цувралын эцсийн наймдугаар бүлгийн сүүлийн зургадугаар ангийг хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн байна.


HBO” сувгийн мэдээлснээр, “The Iron Throne” ангийг өнгөрсөн ням гарагт шууд цацагдах үеэр “HBO” суваг болон “HBO GO”, “HBO NOW” хавсралтаар дамжуулан үзсэн үзэгчдийн тоо 19.3 саяд хүрсэн нь долоо хоногийн өмнө гарсан тавдугаар ангийн үзэгчдийн /18.4  сая/ үзүүлэлтийг шинэчлэн тогтоожээ.


Үүний зэрэгцээ “HBO” сувгийг хамгийн олон хүн үзсэн тохиолдол болжээ. Энэхүү амжилтыг 2002 онд үзэгчдийн хүртээл болсон гэмт хэргийн ертөнцийн талаар өгүүлдэг “The Sopranos” цуврал эзэмшиж байжээ.


“Хаадын тоглоом” цуврал дэлхий даяар 150 гаруй оронд гардаг боловч тэдгээр орны бүх үзүүлэлтийг тооцоолоход бэрхшээл тулгардаг байна. Ташрамд дурдахад, “The Bells” нэртэй тавдугаар анги гарсны дараа цувралыг дахин хийхийг уриалсан “Change.org” цахим хуудсанд байршуулсан өргөх бичигт гарын үсэг зурсан хүний тоо 1.3 саяд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ