Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Ерөнхийлөгч Д.Трампын
тэргүүлсэн АНУ-ын засаг захиргаа тус улсын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ байлдааны
хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэх зорилт дэвшүүлжээ. Энэ тухай дэд Ерөнхийлөгч
Майкл Пэнс Флорида муж улсын Жексонвилл хот дахь тэнгисийн цэргийн хүчний
баазад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
“Ерөнхийлөгч Трамп 350-аас дээш
тооны хөлөг онгоцтой флотыг байгуулах зорилт дэвшүүлсэн. АНУ-ын ТЦХ-ийг түүхэн
дэх хамгийн хүчирхэг флот болгохын тулд Конгресс болон улс төрийн хоёр намын
удирдагчидтай хамтран ажиллах болно” гэж М.Пэнс хэлжээ.
Түүний ярьснаар, ТЦХ-нийг
өргөжүүлэх талаар Ерөнхийлөгч Трампын санаачилсан хөтөлбөр нь сүүлийн 20 жилийн
хугацаанд хэрэгжиж байгаагүй далайцтай том хөтөлбөр аж. Ирэх санхүүгийн жилд 12
байлдааны хөлөг онгоц худалдан авахаар төсвийн төсөлд тусгаснаас гадна ирэх
жилүүдэд 55 хөлөг онгоцыг шинээр барихаар төлөвлөж байна. Ингэснээр 10 гаруй
жилийн дараа Америкийн байлдааны онгоцуудын тоо 355-д хүрэх юм.
Heritage Foundation байгууллагын
мэдээлэлд дурдсанаар, 2018 оны эцсийн байдлаар АНУ-ын ТЦХ 284 байлдааны хөлөг
онгоцтой байсан нь 2017 онтой харьцуулахад 12-оор өссөн тоо юм.
Түүнээс гадна, Трампын засаг захиргаа АНУ-ын зэвсэгт
хүчний бие бүрэлдэхүүний тоог 2 саяын түвшинд байлгахын тулд шаардлагатай хөрөнгө мөнгийг олохоор ажиллаж байгаа гэдгийг М.Пэнс дурдлаа.