ЭМСЯ, Нагояагийн их сургуультай хамтран ажиллана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-28 17:08:54

Монгол Улсын ЭМСЯ болон Япон Улсын Нагояагийн Их сургууль хооронд хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа  өнөөдөр боллоо. 

Энэхүү үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Нагояа их сургуулийн Ерөнхийлөгч ноён Мацуо Сэйичи  болон бусад албаны хүмүүс  тус сургуулийг төгсөгчдийн  төлөөлөл  оролцов.  

ЭМСЯ нь Нагояагийн их сургуультай 2003 оноос эхлэн “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласаар иржээ. Энэ хугацаанд 16 хүн тус сургуульд суралцан төгсөж салбарын зонхилох албан тушаалд ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдыг  мэргэшүүлэх бэлтгэхэд  ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн төдийгүй цаашдаа ч олон хүмүүс суралцана гэдэгт итгэж байна. Суралцаад ирсэн мэргэжилтнүүдээ цаашид тус сургуульд эрдмийн зэрэг цол хамгаалах боломжтой гэж үзэж байгаа учраас  энэ талаар анхаарч хамтран ажиллах хүсэлтийг тавьсан юм.

Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч ноён Мацуо Сэйичи талархлаа илэрхийлээд "Залуу  манлайлагч" хөтөлбөрийн хүрээнд  16 хүн хамран суралцаж төгсөж ирээд  яам болон бусад байгууллагуудад тэргүүлэх байр сууринд  ажиллаж байгаад талархалтай байна. 2014 онд Монгол Улсад тус сургуулийн төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш олон төрлийн үйл ажиллагааг явуулж байгаа. Азийн орнуудын хувьд Нагояагийн Их сургууль нь боловсролын салбарт гүүр болон ажиллаж  чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэлээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ