"Хатсан гар"-аас "Сохрын орон"-оор аялах номын нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь "Хатсан гар" нэртэйгээр орчуулгын өгүүллэгүүд хэвлүүлж байсан. Энэ номыг 1990 оны үес Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж редакторлахдаа "Хатсан гар" хэмээн нэрлэжээ. Тэгвэл 28 жилийн өмнө хэвлүүлсэн энэхүү бүтээлээ “Сохрын орон” /The country of the blind/ нэртэйгээр дахин хэвлэсэн байна.
Английн шилдэг зохиолчдын сор өгүүллэгийн номын нээлт өчигдөр Үндэсний төв номын сангийн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим"-д болсон юм.
Орчуулагч Н.Энхбаяр хэлэхдээ, "Томас Харди “Хатсан гар”, Жеймс Жойс “Эгч дүүс”, Ридьярд Киллинг “Гэргий”, Гербэрт Уэллс "Сохрын орон" зэрэг английн нэрт зохиолчдын өгүүллэгийн түүвэр дахин унших ёстой зохиол юм. Английн утга зохиолд өгүүллэгийг шинэ түвшинд гаргасан эдгээр зохиолчид Оросын суут зохиолч А.Чеховоос суралцсан. Дэлхийн олон зохиолч английн зохиолчдоос суралцсан. Би 1986 онд Английн утга зохиолын сургуульд нэг жил суралцахдаа английн утга зохиол, өгүүллэгүүдийг сонирхож эхлээд эдгээр англи өгүүллэгийн түүврийг орчуулж байлаа. Тухайн үед ном хэвлүүлэхэд цензур, дамжлага ихтэй байсан учраас 1986 онд бэлтгэсэн ном 1991 онд уншигчдад хүрсэн юм. Тэр үед өгсөн "Хатсан гар" нэрийг өнөөдөр “Сохрын орон” гэж солиход ч таарах цаг үе болжээ. Энэ өгүүллэгүүдээр хүүхэд залуус Англи улсын түүх соёлтой танилцах боломжтой гэж бодож байна. Номд багтсан өгүүллэгүүд нь сонгодог нэр төрлөөр дагнан бичдэг алдарт зохиолчдын бүтээл байгаа. Одоогоос 28 жилийн өмнө хэвлүүлсэн бүтээлээ “Сохрын орон” нэртэйгээр уншигчдад дахин хүргэж буйдаа баяртай байна. Ер нь ном зарж мөнгө олох нь чухал биш, уншигчдын оюун санаанд нэгэн том хөрөнгө оруулалт хийж байгаа нь л чухал” гэлээ.
Номын нээлтэд, Монголын нэрт орчуулагч, зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж, "28 жилийн өмнөх "Хатсан гар" дэлхийн орчуулгын өндөр түвшинд орчуулсан, сонголт нэн сайн ном байсан. Дахин хэвлүүлж байгаа нь ч орчуулгын чанарыг харуулж буй бүтээл юм. Тухайн үедээ англи хэлнээс шууд орчуулснаараа оюунлаг уншигчдын эрэлт хэрэгцээ болж байсан. Одоо олдохгүй болсон тул дахин хэвлүүлсэн нь цагаа олсон сайхан соён гэгээрүүлэл боллоо" гэж үнэлцгээв. МУСГЗ, орчуулагч Ц.Гомбосүрэн "Би том л роман орчуулснаас бус ганц ч өгүүллэг орчуулж үзээгүй юм байна. Н.Энхбаярын энэ өгүүллэгүүдийг уншаагүй. Одоо уншиж үзэх "хорхой" хүрч байна. Суралцах юм байх шиг байна" гэж хошигнолоо. Н.Энхбаяр номынхоо дээжийг эхлэн аав, ээж хоёртоо барилаа.
Дараа нь МЗЭ-ийн дарга байсан Д.Цэдэв, орчуулах хэлтсийн дарга байсан Д.Урианхай хоёрт номоо хүндэтгэн барив. Номын нээлтэд ирсэн бүх зочид, уншигчдад ч гарын үсгээ зурсан номоо хүртээлээ. Тэгэхдээ "Өгүүллэг бүрийг сайн тогтож уншаарай. Өнөөдрийн цаг үед хүн бүр төөрдөг байшинд орсон юм шиг, галзуугийн эмнэлэгт ороод эрүүл юм шиг, эмнэлгээс гараад галзуу юм шиг, сохрын оронд очоод ганцаараа нүдтэй байгаа юм шиг байгаа. Ер нь эдгээр өгүүллэггийг тогтож уншаарай, тэгээд эргэцүүлэн бодоорой" гэж нөхөрсгөөр сануулж байлаа.