"Өхөөрдөм гоёо" наадамд монгол туургатны 120 гаруй хүүхэд оролцоно

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-23 08:49:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн санаачилгаар  “Өхөөрдөм гоёо” наадам хоёр дахь жилдээ болно. Тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.

“Хүүхдийн инээмсэглэл дор монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор энэ сарын 25-нд Монголын Хүүхдийн ордонд болох наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа, “Өхөөрдөм гоёо” наадам зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлог. Манай нийгэмлэг "Ёс зүйн үндэсний хүрээлэн"-тэй хамтран монгол ёс заншил, монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад өвлүүлэн уламжлуулахад анхаардаг. Хүүхдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолт үзүүлнэ" гэв.

 Наадамд оролцсон бүх хүүхдийг хамруулсан “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аялал зохион байгуулна. Ноднин зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх юм байна.

Холбоотой мэдээ