Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвтэй боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-22 20:43:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ХХҮГ-ын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгуулж, албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зөвлөх Иван Такач, ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа нарын холбогдох албаныхан, залуусын төлөөлөл оролцов.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг ХХҮГ-ын нэгдүгээр давхарт гурван өрөө бүхий танхимд байгуулсан бөгөөд Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс 27 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, компьютер хэрэгслээр хангажээ. 

Тус төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх аж. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлэх, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг нь боловсруулах юм байна. Мөн залуучуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг тус бүр дөрвөн долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ярилцлагад амжилттай орох ур чадварыг эзэмших хөгжүүлэх боломжтой болох бол сургалтад хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэйгээ хуваалцах боломж бүрдэх юм байна.

Аймгийн хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 1800 гаруй иргэн байдгийн 60 хувийг 15-34 насны залуус эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Иймээс тус үйлчилгээний загвар төвийн зорилтот бүлэг нь 15-34 насны залуучууд байх юм. Тус төвд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан залуус, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй ажил хайгч залуус хэн бүр хандаж болох аж.

Холбоотой мэдээ