УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2016-03-29 09:51:51

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх юм. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдана.

Хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товложээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд эхэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ.

Байнгын хороодын хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан болох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ