Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, гэрийн даалгаврыг багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-27 09:39:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг БСШУСЯ ням гарагт зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач оролцлоо.


Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг багасгахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож цөөлөхөөр тооцсон байна. Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ногдох цаг нэмэгдэж, тухайлбал бага ангид 2.9 цаг байсан бол 3.8 цаг болно гэдгийг багш, судлаачид хэлж байв.

Хэлэлцүүлгээр хичээлийн агуулгыг нэг бүрчлэн ярилцав.  Агуулгыг сайжруулахын тулд, зарим давхардлыг хасаж, өөр анги руу шилжүүлсэн бол хүндэдсэн агуулгыг энгийн болгох, танин мэдэхүйн түвшин, нас сэтгэхүйд нь тохируулах аргыг хэрэглэжээ. Мөн зарим агуулгыг цомхотгож, томьёоллыг нь хэл найруулгын хувьд ойлгомжтой болгосон гэдгийг багш нар онцоллоо.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, бага ангийн хүүхэд даалгавраас болж маш их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна, урьд өмнө ийм байгаагүй. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг сануулав.

Багш нар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын ажилд нийт цагийнхаа 37.3 хувь, бусад нэмэлт ажилд 62.7 хувийг зарцуулж байна гэсэн тооцоог танилцуулсан. Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг байна. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, сургууль, багш, сурагчдын ачааллыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бууруулна гэж салбарын яам үзэж байна. 

 

Холбоотой мэдээ