ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд хувь хүн, иргэний нийгмийн байгууллага оролцох нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-28 13:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад гүйцэтгэх парламентын үүрэг, оролцоо” дугуй ширээний хэлэлцүүлгийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман даргалав. Уг хэлэлцүүлэг Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хүрээнд болсон юм.


НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүн санал нэгтэйгээр 2015 оны есдүгээр сард Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт бүхий хөтөлбөр баталсан. Тогтвортой хөгжлийн зорилго бол хүн төрөлхтөн 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой "гэрийн даалгавар" бөгөөд улс орон бүр өөрийн онцлог, нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ зөвхөн төр засаг үүнд хариуцлага хүлээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд хувь хүмүүсээс эхлээд иргэний нийгэм, олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоог ижил түвшинд хангах нь чухал байгааг хэлэлцүүлэгт оролцогч нар онцолж байлаа.


Улс орон бүрийн парламентаас хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг ч түүнийг хэрэгжүүлэх санхүү, төсвийн асуудал тулгардаг байна. Ялангуяа, хөгжиж буй болон буурай хөгжилтэй улсын хувьд эдийн засгийн эх үүсвэрийг олон улсын донор байгууллагуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг аж. Иймд төсвийг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, энэ талаарх зөвлөмжийг улс орнуудад өгөх шаардлагатайг ч хэлэлцүүлэгт оролцогч нар дурдаж байв.


Түүнчлэн төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллахын зэрэгцээ мэдээллээ солилцдог байх хэрэгтэй юм. Аль зорилгыг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийг ямар байгууллагад хуваарилах төлөвлөгөөг нарийн гаргаж, эргээд төсвийн зарцуулалтыг хянавал сул хэрэгжүүлж буй зорилгуудыг төвөггүй харах боломжтойг ч төлөөлөгчид санал нэгтэй хэлж байлаа.  


Монгол Улсын парламент ТХЗ-ын дэд хороо байгуулсан бөгөөд уг зорилгын хэрэгжилтийн тухай сайн дурын тайлангаа НҮБ-д танилцуулах гэж байгаа нь бусад улс оронд сайн жишиг болно гэж итгэж байгаагаа Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман илэрхийлсэн юм. Тэрбээр, “ТХЗ бол дэлхийн бүх улс оронд хамаатай асуудал учраас санал бодлоо нэгтгэж, нэгэн зүгт зорих нь чухал байна” гээд хэлэлцүүлгийн төгсгөлд парламентчдаас гаргасан саналыг нэгтгэж, ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаас гаргах баримт бичигт тусгана гэдгийг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ