АНУ, Мексик улсууд эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-30 11:05:26

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /Reuters/. АНУ, Мексик улсууд 2027 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ хамтран зохион байгуулах хүсэлтээ татаж, 2031 оны ДАШТ-ий эрхийг авахад анхаарлаа хандуулна гэж хоёр орны хөл бөмбөгийн холбоод даваа гарагт мэдэгджээ. 


Энэхүү шийдвэрийг ирэх тавдугаар сарын 17-нд болох Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ конгрессын үеэр зохион байгуулах орнуудыг сонгохоос гурав хүрэхгүй долоо хоногийн өмнө гаргажээ. Ингэснээр 2027 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр Бразил, Бельги-Герман-Нидерланд тунан үлдэж байна.


АНУ-ын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Синди Парлоу Коне хамтарсан мэдэгдэлдээ, дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах нь асар том ажил бөгөөд түүнд бэлтгэх хугацааг сунгах нь тэмцээнийг амжилттай зохион байгуулахад нөлөөлнө гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Өнгөрсөн 11 дүгээр сард Өмнөд Африк мөн 2027 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах саналаасаа татгалзаж, 2031 оны тэмцээнийг зохион байгуулахад анхаарна гэдгээ мэдэгдсэн юм.


2023 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг Австрали, Шинэ Зеланд улсууд хамтран зохион байгуулж, Испанийн шигшээ баг түрүүлсэн билээ. Харин 2026 оны эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг АНУ, Мексик, Канад улс хамтран зохион байгуулна.

Холбоотой мэдээ