Төрийн ордны баруун жигүүрийг хамгаалалтад авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-29 12:32:35

Төрийн ордны баруун жигүүрийг цагдаагийн хамгаалалтад авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байна.

Учир нь Төрийн ордны баруун хаалганы дэргэд шар нунтаг бүхий зүйл цацсан тул ийн хамгаалалтад авчээ. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна.

Энэ тухайд цагдаа хүчнийхэн болоод онцгой байдлын алба хаагчдын зүгээс ямар нэг тайлбар өгсөнгүй.

Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөсөн. Үүнийг эсэргүүцэж өнөө өглөөнөөс хойш иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд уриа лоозон барьж зогссон ч шар нунтаг цацсан гэх асуудлаас болж, жагсаалыг тараан хамгаалалтын тууз татаад байгаа аж.

 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ