Увс аймагт энэ оны эхний 5 сарын байдлаар 13 охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-28 21:20:54

Увс /МОНЦАМЭ/. Ард иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангаж, авран хамгаалах ёстой цагдаа нар насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн явдлыг эсэргүүцсэн “Гэрэл асаая” жагсаал өнөөдөр Улаангом хотноо Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Энэхүү жагсаалыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд санаачлан зохион байгуулсан бөгөөд жагсаалд түүнээс гадна аймгийн АН-ын дарга Ч.Чимэд, МЭХ-ны Увс аймаг дахь салбарын тэргүүн Д.Энхтуяа нарын хүмүүс үг хэлж, үзэл бодлоо илэрхийллээ.

Мөн Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12-р ангийн сурагч охин үеийнхнээ төлөөлж өөрийнхөө бичсэн охидын хүчирхийллийн эсрэг эсээг уншиж танилцуулсан юм.

Увс аймгийн Зүүнхангай сумын цагдаа Д нь өсвөр насны охиныг хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон тухай, мөн Өндөрхангай сумын цагдаа М гэгч нь мөн 16 нас хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 10-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлж байсан. Энэ хэрэгт холбогдсон цагдаа нар одоогоор шалгагдаж байна. Харин 6 сартай жирэмсэн болсон охин одоогоор аймгийн төвд Түр хамгаалах байранд байрлаж, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байна.

Увс аймагт 2017 онд 11, 2018 онд 19, энэ он гарсаар эхний 5 сарын байдлаар 13 охин бэлгийн хүчирхийлэлд өртөөд байна. Энэ бол зөвхөн ил болсон тоо баримт юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг чихэр, жимсэнд бялуурч биш, харин тэдний эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж тэмдэглэх уриатай болсон энэхүү жагсаалд Увсчууд ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцсонгүй.  

Холбоотой мэдээ