Хомын талын тахь 68 бодгаль болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-29 18:13:20

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сум дахь ”Хомын талын тахь” төрийн бус байгууллагын өсгөн үржүүлж буй тахь 68 бодгаль болжээ.

Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөж үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийнэ дасаж идээшжээ. Хомын талын тахь төрийн бус байгууллагын ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа аж. Анх 2004 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сээрийн нуруунд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэн авчирч нутагшуулж байгаа билээ. Харин Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь ийнхүү амжилттай нутагшжээ.

Тахь зэрлэг амьтан учраас хашиж

нутагшуулж байгаа гэв

Аливаа хөхтөн амьтныг сэргээн нутагшуулж, онгон эх байгальд нь тавихад эхний жилүүдэд үхэл хорогдолгүй давсан тохиолдол тун ховор аж. Харин Хомын талд сэргээн нутагшуулж буй тахийн популяцын тоо толгойн хорогдол маш бага байсныг Олон улсын байгаль хамгаалах холбооноос онцлон тэмдэглэдэг ажээ.

Хомын тал нь 2500 хавтгай дөрвөлжин км нутагтай, Монгол Улс болон дэлхийд ховор, устах аюулд орсон, орж болзошгүй биологийн бусад төрөл зүйлээр бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий газар гэдэг. Дөрвөлжин сум нь говийн бүсийн сум учраас цас бага унадаг. Харин зарим жил хур тунадас бага орсонтой холбоотойгоор хавар, зун, намар гантай болдог. Өвс ургамлын гарц сүүлийн 10-20 жилтэй харьцуулахад илт муудсан. Гэхдээ тахийн сүрэг тусгай хамгаалалтын бүсэд, торлосон хашаанд байдаг. Хамгаалалтын бүсэд ургамлын гарц харьцангуй гайгүй байдаг. Хомын талын тахийн сүрэгт жилдээ 10 орчим унага гардаг. Хорогдол тодорхой хэмжээгээр бий. Байгаль, цаг уурын нөхцөл байдал, араатан амьтан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хорогдол гардаг.

Өнөөдөр Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэрт, Дөрвөлжин уул орчмын бүс нутагт тахь бэлчиж байна. Тахь нутагшуулж эхлэх үеэс сумын ИТХ-ын шийдвэрээр тухайн бүс нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалтад авсан нутгийг бараг бүхлээр нь хашаалсан байгаа. Тахь зэрлэг амьтан учраас эхний үед нь хашиж хамгаалан тэр нутагт нь дасгаж нутагшуулахгүй бол гүйх магадлалтай. Түүнчлэн популяцын тоо толгойг байгальд бие даан амьдарч чадах хэмжээнд хүргэж байж суллан тавих шинжлэх ухаанд суурилсан нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахгүйгээр суллан тавих тухай ярихад эрт байна хэмээн Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Нэмж дуулгахад, тахь маань тодорхой тоонд хүрээд, байгалийн тэнцвэртэй нөхцөл байдал нь хангагдаад ирмэгц сул чөлөөтэй тавина гэсэн бодлого барьж байгаа. Францын тахь хамгаалах холбоо тахь нутагшуулах ажлыг эхнээс нь гардан зохион байгуулж байгаад 2016 оноос “Хомын талын тахь” төрийн бус байгууллагад үйл ажиллагаагаа шилжүүлсэн. Гаднаас удирдлага, санхүүжилттэй байсан бол одоо дотоодын байгууллага тахь хамгаалах, цаашид өсгөж үржүүлэх, байгаль дээр нь онгон зэрлэг байдлаар нь сул чөлөөтэй тавих бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Гэхдээ байгаль, цаг уурын нөхцөл байдалд дасан зохицуулахын тулд өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр хүний оролцоо, харуул хамгаалалт зайлшгүй байсан. Тахь нутагшуулахад тулгамдаж буй асуудлууд ч байна. Мэдээж хэрэг дэлхийд ховордож,“Улаан ном”-д орсон амьтныг тогтвортой өсгөн, үржүүлж, нутагшуулахад хөрөнгө санхүүгийн асуудал нэлээд тулгардаг. Тухайн орон нутагт амьдарч буй ард иргэдэд зөв талаас нь ойлгуулах, чухал ховордсон амьтан гэдгийг мэдрүүлэх, улсын болон орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад энэ амьтныг байнгын хамгаалалттай байлгах асуудал чухал. 

Үүнд “Хомын талын тахь” төрийн бус байгууллага, орон нутгийн зүгээс хамтран олон улсын байгууллагын хөрөнгө санхүүжилт, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, цаашид энэ амьтныг өсгөж үржүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тахийг нутагшуулах үйл явцад сөргөөр нөлөөлөх нэг зүйл бий. Зэрлэг онгон байгальд нь, хашаанаас нь гаргаж тавихад монгол адуутай эрлийзжих асуудал тулгарна. Цусыг нь цэвэр хадгалахын тулд эрлийзжих нөхцөлийг бид аль болох хаах ёстой. Тахийн унаган мөн чанар ген нь үгүй болно гэсэн үг юм хэмээн Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөл дуулгалаа. 

Хомын талын хүүхдүүдийн зуны сургалтыг жил бүр хийж байна

"Хомын талын тахь" ТББ-аас 2008 оноос хойш жил бүр Хомын талын хүүхдүүдэд зориулж эрдэм шинжилгээний зуны сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар 30 гаруй хүүхдүүд нэг долоо хоногийн хугацаанд цугларч усны эргэлт, ургамлын бүтэц, ургалт, насжилтыг танихаас эхлэн цэвэр усны сав ашиглах гэх мэт шинжлэх ухааны олон төрлийн сэдвээр ярилцангаа суралцдаг байна. Хүүхдүүдэд мастер оюутан, Тахь холбооны ренжер О.Мөнхтогтох нар хичээлийг зааж явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд зуны сургалтад хамрагдаж байгаль цаг уурын өөрчлөлт, амьтдын зүй тогтол, тахь хэмээх дэлхийд ховордсон амьтны хамгаалалт, тоо толгой, тахийн зан байдал, онцлогийн талаарх мэдээллийг авчээ.

Ноосон эдлэлийн худалдааг амжилттай хийж байна

Хомын талын нутгийн малчин эмэгтэйчүүд “Эвсэг эмэгтэйчүүд" ТББ байгуулж "Хомын талын тахь" ТББ-ын дэмжлэгээр ноосон гар эдлэлийн бүтээгдэхүүнийг урлаж худалдан борлуулж байна.

Нутгийн малчин эмэгтэйчүүд төслийн дэмжлэгээр тэмээний ноосон эдлэлээр гар урлал урлах сургалтад хамрагдсаны үр дүнд 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ын 15 эмэгтэй 150 гаруй төрлийн ноосон бүтээгдэхүүнийг урлаж худалдан борлуулжээ. Эдгээр ноосон бүтээгдэхүүнийг Францын Виларе төвд зун болгон худалдаалдаг аж. Зун хонины ноос, тэмээний ноосыг цуглуулж боловсруулаад, хавар гишүүн эмэгтэйчүүд цугларан Францад зарагддаг ноосон бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлэдэг байна. Ноосон эдлэлээс олсон ашиг орлогоо багийн эмэгтэйчүүд өөрсдийн аж ахуйдаа зарцуулдаг ажээ.

Хомын талын тэмээн сүргийг өсгөхөд дэмжлэг үзүүлсэн гэлээ

Мөн үеэр: "Бидний зэрлэг адуу нутагшуулж байгаа газар нь хоёр бөхтэй тэмээ зонхилон нутагшсан бүс нутаг юм. Тэмээ нь говь цөлд дасан зохицож амьдрах чадвартай амьтан. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвар сайтай, хатуу ширүүн өвлийн цаг агаарт дасан зохицон амьдрах өндөр чадвартай. Түүнчлэн бэлчээрлэн явахдаа хол зайг туулан өвс тэжээлээ олж иддэг нь бэлчээрийн талбайг бага сүйтгэдэг байна. Сүү нь илчлэг тэжээллэг сайтай, идшинд хэрэглэхэд мах ихтэй ба тансаг хэрэглээний ноостой. Дулаан ба торгомсог зөөлөн чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн торомны ноос нь тансаг хэрэглээнд тооцогддог ба гадаад улс оронд өндөр үнээр зарагддаг эдлэл юм. Ийм учраас торомны ноос нь Хомын талын ирээдүй юм. Тиймээс Европын Холбооноос бидэнд олгосон хандивын ачаар бид "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ын гишүүдэд ингэ худалдан авч өгч Хомын талын тэмээн сүргийг нэлээд хэмжээгээр өсгөх боломжийг бүрдүүлсэн.

Одоогоор бид бага хэмжээгээр торомны ноосыг гадаадад гаргах худалдаа эрхэлж буйн зэрэгцээ бусад боломжит тэмээнд тулгуурласан эдийн засгийн сонирхолтой үйл ажиллагааг хөгжүүлэхээр шинэ санааг эрэн хайж байна". Бид хөтөлбөрүүдийнхээ хүрээнд харилцаа, боловсрол ба хууль эрхзүйн талаарх мэдээллийг малчдад өгдөг. Мөн Хомын талын малчид болон тэдний хүүхдүүдэд үндсэн ба шинжлэх ухааны нийтлэл, малчдын форум, жил бүрийн хүүхдийн зуны сургууль зэрэг үйл ажиллагаануудаараа байнгын харилцаатай хамтран ажиллаж тэдэнд байгаль хамгааллын талаарх мэдлэгийг заадаг хэмээн Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв. 

Дөрвөлжин сумын Онц багийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга н.Буянжаргал:  

-Би хоёр хүүхэдтэй. Манайх тэмээ голдуу малтай. Бид төвөөс алслагдсан ба тэр бүр сумын төвд очоод байж чаддаггүй. Харин манай багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Тахь" төсөл нь эсгий бүтээгдэхүүний сургалт явуулж эхэлсэнээс хойш маш их юм сурсан. Би бүх сургалтад хамрагдсан. Эсгий шаахай хийх дуртай. Жил бүр би 300.000–400.000 төгрөгийн орлоготой ажилладаг. Тиймээс илүү их ашиг олохын тулд илүү их бүтээгдэхүүн хиймээр байна. Миний гол зорилго бол шилдэг чанарын бүтээгдэхүүн хийх юм.

Дөрвөлжин сумын Онц багийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн гишүүн, малчин С.Оюун:

-Би дөрвөн хүүхэдтэй. Манайх таван хошуу малаас бүрдсэн цомхон сүрэгтэй. Миний хувьд эсгий бүтээгдэхүүн хийж сурсандаа маш их баяртай байна. Их хэмжээгээр биш ч гэсэн манай гэр бүлд тус болдог. Мэдээж хэр зэрэг ашиг олох нь бүтээгдэхүүний хэмжээ болон чанараас шалтгаалдаг. Тиймээс би тэмээний ноосоор хүүхдийн шаахай, эсгий оймс, түлхүүрийн оосрыг чанартай хийхийг хүсдэг. Энэ дашрамд Тахь төслийн хамт олонд болон бидний худалдан авагчдад талархлаа илэрхийлмээр байна.


Дөрвөлжин сумын Онц багийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн гишүүн, малчин н.Цэцэнгоо:

Манайх хонь голдуу малтай. Миний хувьд Тахь төслийн бүх сургалтад хамрагдаж ирсэн ба энэ төслөөс олгосон боломжуудыг маш сайн ашиглаж, маш идэвхтэй байсаар ирсэн. Би эсгийгээр ноосон, чихмэл тахь болон цүнх хийх дуртай. Хийж буй бүтээгдэхүүнээ өдрийн ажлынхаа зав чөлөөгөөр болон "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ынхаа эмэгтэйчүүдтэй цаг гаргаж чанартай хийхийг зорьдог. Миний хийсэн зүйлс, чанартай байдаг болохоор худалдахад амархан байдаг. Олсон мөнгөөрөө би өөртөө гоо сайхны бараа болон гэр бүлдээ хэрэгтэй бусад зүйлсийг худалдаж авдаг. Бас манай гэр бүлийг дулаахан байлгадаг ноосон оймснуудаа хэрэглэх дуртай шүү. 

Холбоотой мэдээ