Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-29 13:06:37

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.03.29/ өргөн мэдүүллээ.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш арав гаруй жил, стандартчилал, хэмжил зүйн байгууллага олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнчлэлээр элсэн орсноор гучаад жил, Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсч, гишүүн орнуудын хүрээнд мөрдөгдөж буй худалдааны хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орж ажилласнаар арав гаруй жил болжээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг улс орны нийгэм, эдийн засгийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан сайжруулах, түүнчлэн Монгол Улс Дэлхийн худалдааны болон олон улсын, бүс нутгийн стандартчиллын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болжээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэл, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа олон улсын нийтлэг жишгийн дагуу явагдах эрх зүйн орчин, нөхцөл бүрдэх, техникийн зохицуулалтаар бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хуульчлан тогтоосноор нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал хангагдаж, улмаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага дээшилж, идэвх санаачлага нэмэгдэнэ;тохирлын үнэлгээний байгууллагуудад тавигдах шаардлага, зохицуулалт тодорхой болж, үйлдвэрлэл, худалдаан дахь техникийн элдэв саад тотгор, хүндрэл, бэрхшээл багасна; стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ, эрх үүрэг тодорхой болж, тус байгууллагын хөрөнгө, санхүүгийн чадамж болон үйл ажиллагааны үр дүн дээшилнэ; олон улс, бүс нутаг гадаад орны дэвшилтэт стандартыг хэрэглэх эрх зүйн орчин бий болсноор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж, нөхцөл бүрдэж, улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дээшилж, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ