ХҮН-ын даргаар Т.Ганболдыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-29 14:00:02

Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ Төв хороо өчигдөр хуралдаж намын даргаараа Т.Ганболдыг сонгон томилжээ. 

Төв хорооны хурлын үеэр тус намын даргаар томилогдоод байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Түүний оронд намын шинэ даргаар "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболдыг 98 хувийн саналаар томилжээ. Т.Ганболд нь өмнө нь МАН-ын гишүүнчлэлтэй байсан бөгөөд өнгөрөгч 12 дугаар сард намаасаа гарч, ХҮН-д элсэн батлахаа гардаад байсан юм.  

Дашрамд дурдахад, ХҮН нь албан ёсоор даргаа томилж чадалгүй хоёр сарын турш маргаантай явсан юм. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг даргаараа томилон Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ч тус намын дэд даргаар ажилласан байсан Б.Найдалаа мөн намын даргаар бүртгүүлэх хүсэлт гаргасан. Тиймээс Улсын дээд шүүх уг хоёр хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, ХҮН-ыг дотооддоо асуудлаа эцэслэн шийдвэрлэх үүрэг өгөөд байсан юм. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ