Их Британийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн тоо 12 болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-31 14:44:56

ЛОНДОН. /The Daily Telegraph/. Өмнө нь Их Британийн Сангийн орлогч сайдын албан тушаалыг хашиж байсан депутат Марк Харпер Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөнд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Ийнхүү тус улсын эрх баригч Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн тоо 12 болж нэмэгдлээ. 


Консерватив намд тэрбээр шинэ санаануудаа танилцуулахад бэлэн байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд “Brexit”-н хугацааг дахин хойшлуулахыг Европын Холбооноос хүсэх боломжийг үгүйсгээгүй байна.


Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, Гадаад хэргийн сайд Жереми Хант, Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд Рори Стюарт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Мэтт Хэнкок, Хөдөлмөр болон тэтгэврийн асуудал хариуцсан сайд асан Эстер Макви, “Brexit”-ийн асуудал хариуцсан сайд асан Доминик Рааб, парламентын Нийтийн танхимын дарга асан Андреа Лидсом, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн сайд Майкл Гоув, мөн Дотоод хэргийн сайд Сажид Жавид гэсэн есөн улстөрч Консерватив намын даргын сонгуульд оролцохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Тус намын өөр хэд хэдэн нэртэй төлөөлөгчид мөн нэрээ дэвшүүлж магадгүй байна.


Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын дарга Тереза Мэй зургадугаар сарын 7-нд огцорно гэдгээ тавдугаар сарын 27-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр Консерватив намын шинэ даргыг сонгох хүртэл Засгийн газар тэргүүний үүргийг гүйцэтгэнэ. Энэ үйл явц зургадугаар сарын 10-нд эхэлж, долдугаар сарын дундуур дуусна.

Холбоотой мэдээ