Сургуулийн маань амжилтын ард манай хүүхдүүд, эцэг эхийн дэмжлэг ямагт байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-01 08:20:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” лаборатори сургууль 2018-2019 оны хичээлийн жилийнхээ тайланг сургуулийнхаа суралцагчдын эцэг эхчүүдэд тавьж, гаргасан амжилтаа танилцуулж, амжилт бүрийн ард эцэг эхийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа ямагт байдаг хэмээн талархал дэвшүүллээ.

“Сургууль маань 960 хүүхдийн багтаамжтай хэдий ч 1400 гаруй хүүхэд авч, аймгийн 19 сургуулиас хамгийн их ачаалалтай ажиллаж байна. 2012 оноос БСШУЯ-ны харьяа лаборатори сургууль болж, улам их хариуцлага нэмэгдэн бид хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг төлөвшил, хүмүүжил сайтай иргэд болгох зорилтыг хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна” хэмээн тус сургуулийн захирал  Т.Туяамандах танилцууллаа.

Тус сургууль 2018 оны ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлж, “Шилдэг байгууллага”–аар шалгарсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 44 лаборатори сургуулиас 95,6 хувьтай дүгнэгдэж, үр дүнгийн үнэлгээгээр хоёрдугаарт жагссан, “Монгол бичгийн их сорилго”-д амжилттай оролцож, сургуулиараа “Алтан цом” авсан гээд маш олон амжилт гаргажээ.

Мөн багш А.Уранчимэг Монгол Улсын “Шилдэг багш”-аар шалгарч, Монгол хэл, уран зохиолын багш Э.Баттогтох "Хүмүүн бичиг" сонины “Сайхан бичигтэн” улсын уралдааны бүтээлийн төрөл, Монгол туургатны "Миний монгол бичиг" улсын 4-р уралдаанд тус тус оролцож, “Тэргүүн байр” эзэлсэн, биеийн тамирын багш Д.Эрдэнэсүх “Улсын шилдэг дасгалжуулагч” болсон  гээд улс, аймгийн хэмжээнд олон багш нар амжилт гаргажээ.

Тус сургууль энэ хичээлийн жилд 101 багш ажилтантай, 1404 суралцагчтайгаар хоёр ээлжээр хичээллэж, сургалт хүмүүжлийн ажлаа явуулжээ.

Сургуулийн бага боловсролын 20 бүлэгт 668 суралцагч, дунд ангид 446 суралцагч, ахлах ангид 290 суралцагч суралцан анги дэвшиж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ