Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Мекка хотод эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-01 12:12:01

КАИР. /ТАСС/. Исламын хамтын ажиллагааны байгууллагын /ИХАБ/ ээлжит 14 дүгээр Дээд хэмжээний уулзалт Мекка хотод өнөөдөр эхэлж байна.


Тус байгууллагын гишүүн 57 улсын төр, засгийн тэргүүн нар болон Гадаад харилцааны сайд нар мусульман шашинтнуудын ариун газар болох Мекка хотод хуран цугларчээ.


“Гар гараасаа барилцан ирээдүй өөд” гэсэн уриан дор болж буй уг уулзалтын үеэр Палестины асуудал, Сири, Йемен, Ливи дэх нөхцөл байдал, Судан болон Алжир дахь шилжилтийн үйл явц, улс орнууд дахь мусульман шашинт цөөнхийн асуудал, тухайлбал, Мьянмар дахь рохинжа үндэстний байдал болон бусад олон асуудлыг хэлэлцэх ажээ.


ИХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Арабын улсуудын Лиг ба Персийн булангийн улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын удирдагчдын яаралтай хуралдаан болсон байна. Хуралдаанд оролцогчид бүс нутагт Ираны явуулж буй түрэмгий ажиллагаа ба тус улсын зүгээс Арабын бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг буруушаажээ.


Цар хүрээний хувьд НҮБ-ын дараа орох ИХАБ энэ онд байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэж байна. Тус байгууллагын Дээд хэмжээний уулзалт гурван жилд нэг удаа болдог ба өмнөх уулзалт нь 2016 онд Туркийн Истанбул хотод болжээ.


ИХАБ өмнө нь Исламын бага хурлын байгууллага гэдэг нэртэй байсан бөгөөд 2011 оны 6 дугаар сард Астана хотод болсон Гадаад харилцааны сайд нарын 38 дугаар чуулганы үеэр ИХАБ гэж нэрлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

Холбоотой мэдээ