Нисэх онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-03 14:27:40

СИНГАПУР. /BBC/. Сингапур руу хөөрсөн зорчигч тээврийн нисэх онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэлтэй холбогдуулан тус улсын Нисэх хүчин уг онгоцыг хамгаалалтад авахаар сөнөөгч хоёр онгоцоо илгээсэн тухай албаны хүмүүс мэдээлжээ. 


Өнгөрсөн ням гарагт Филиппин улсын Себу хотоос хөөрсөн Сингапурын иргэний агаарын тээврийн "Scoot" компанийн "TR385" дугаартай нислэг хөөрөх үед онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан тухай мэдээлэл цагдаагийн газарт иржээ.


Гэвч мэдээлэл хуурамч байсныг шалгалтын явцад тогтоож, онгоцонд байсан 13 настай зорчигч уг хуурамч мэдээллийг өгсөн гэж сэжиглэж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлэв. 


Сингапурын иргэний агаарын тээврийн "Scoot" компанийн хэвлэлийн төлөөлөгч "The Straits Times" сонинд мэдээлэл өгөхдөө, тус онгоцонд байсан 144 зорчигч, багийн 6 гишүүн бүгд эсэн мэнд орон нутгийн цагаар ням гарагийн 16:49-д "Changi" нисэх онгоцны буудалд газардсан гэж мэдэгджээ.


Харин Сингапурын Батлан хамгаалах яамны сайд Энг Хэйн уг хэрэгтэй холбогдуулан "Сингапур нь бүх аюул заналхийлэлд бодитоор ханддаг" гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ