Ховд аймагт аялж амрангаа агуй, түүх соёлын дурсгалтай танилцаарай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутагт аялал, амралтаараа тухлах боломжтой амралтын газар, жуулчны баазуудын онцлог, давуу тал, хаяг, холбоо барих утсыг танилцуулж байна.
"Элсэн шанаа" амралтын газарт амрагчид ховор "шувуу" ажиглана
"Элсэн шанаа" амралтын газар нь Ховд аймгийн
төвөөс 42 км
зайд байгалийн үзэсгэлэнт Жаргалант хайрхан уул, Хар-Ус нуурын хөвөөнд оршдог.
Тус амралтын газар нь гадаад, дотоодын аялагчдад тав тухтай орчинг
бүрдүүлж, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү амралтын газар
нь ажил хэргийн уулзалт зохион байгуулах VIP өрөө бүхий амрах байр, 4 ортой
амралтын гэрүүдтэй.
Нэг ээлжиндээ 100 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай
зоогийн газартай бөгөөд амрагчдад уламжлалт монгол хоол санал болгож
байна. Үүнээс гадна иргэдийн ая тухтай амрах орчин бүрдүүлэн халуун
ус, эко бие засах газар бий болгожээ.
Иргэд тус амралтын газрыг зорин очсоноор чөлөөт цагаа
зөв боловсон өнгөрүүлж, сагсан бөмбөг, гар бөмбөг
тоглох улмаар Хар-Ус нууранд завиар аялж байгалийн сайхныг мэдрэх
боломжтой юм.
Хар-Ус нууранд дэлхийд ховор борцгор хотон,
унгар шумбуур, цагаан толгойт ямаан сүүлт шувуу зэрэг 284 зүйл
шувууд өндөглөн зусаж, нүүдлийн үедээ бөөгнөрөн цугларч
амьдардаг тул амрагчид шувуу ажиглах, сонирхолтой агшинг гэрэлт зурагт
буулгах давуу талтай. "Элсэн шанаа" амралтын
газартай 99009278 утсаар холбоо бариарай.
“Сутай хайрхан” жуулчны баазад морин
аялал, уулын аялалд оролцоно
“Сутай хайрхан” жуулчны бааз нь Ховд аймгийн Дарви сумаас
34 км зайд “Сутай хайрхан” уулын өвөрт байрладаг. Тус жуулчны баазыг
өнгөрсөн онд нутгийн малчид хамтран байгуулжээ.
Сутай хайрхан уулын мөнх цаст оргилоос олон гол
горхи эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас,
бургас, хар модон төгөл ой бүхий “Мөрөнгийн гол”-ын хөндий
юм. Энэ нутгаар гадаад, дотоодын амрагч жуулчид байгалийн
морин аялал болон уулын аялал хийнэ.
Тус бааз нь нарны эрчим хүчээр хангагдсан, боловсон бие
засах газар, халуун ус, шүршүүр, бичил цэвэрлэх байгууламжтай. Стандартад
нийцсэн гал тогоо, люкс болон энгийн 15-18 гэртэй юм. Нэг ээлжиндээ 50-60
хүн хүлээн авах хүчин чадалтай. “Сутай хайрхан” эко бааз
нь уулын сэрүүн бүс бөгөөд нэг өдрийн дотор дөрвөн
улирлын өнгийг мэдрүүлдэг аж.
Сутай хайрхан жуулчны баазын хамт олны
зүгээс гадаад, дотоодын жуулчдад төрийн
тахилгат “Сутай хайрхан” уулын бэлд хийморийн овоонд
гарах, хорвоод ховорхон, хосоор ургадаг вансэмбэрүү
цэцэг үзэх, Рашаантын хүрхрээ сонирхох, түүхийн дурсгалт буган хөшөө
үзэх, малчдын ахуй амьдралтай танилцаж малчин айлаар зочлох, уламжлалт
тоглоом, наадгай тоглох, байгалийн үзэсгэлэнт шинэсэн ойгоор явган
аялал хийх, ирвэс болон зэрлэг амьтдын амьдрах орчин, нутгаар аялах, гэр
музейгээр зочлох зэрэг үйлчилгээг санал болгож байна. Тус
жуулчны баазтай 83130378, 83180558 утсаар холбоо барих боломжтой.
“Гурван Сэнхэр” жуулчны
баазад амрангаа агуй, түүх соёлын дурсгалтай танилцах
боломжтой
“Гурван Сэнхэр” жуулчны бааз нь
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30
орчим км зайд оршдог.
Тус жуулчны бааз нь Монголын 9 гайхамшгийн
нэг болох “Гурван сэнхэрийн агуй”-гаас нэг км зайтай
бөгөөд дотоод, гадаадын амрагч жуулчид 40 мянган
жилийн тэртээх хадны сүг зураг, балар эртний үеийн ул мөр,
соёлыг бодитоор үзнэ.
Мөн Нүхэн өтөгийн хадны сүг, Ишгэн
толгойн хадны сүг зураг, Орхи Цахирын агуйгаас 4-12
км зайтай байрладаг тул эдгээр түүх, соёлын дурсгалт газар, хадны сүг зураг,
агуйтай танилцах бүрэн боломжтой юм.
“Гурван Сэнхэр” жуулчны баазад орон нутгийг судлах
музей, зоогийн газар, нийтийн эзэмшлийн гал тогооны байр,
гүний халуун, хүйтэн ус бий.
Тус жуулчны баазын хамт олон дотоод,
гадаадын амрагч жуулчид нутгийн газрын
хөрсөнд ургасан хүнсний
ногоо, жимс, төрөл бүрийн амтат хоолоор
үйлчилж байна. Мөн дотоод, гадаадын амрагч
жуулчид баруун Монголын дуу хуураар
цэнгэж, бэсрэг наадамд оролцохын
зэрэгцээ үндэсний тоглоом наадгай, аман
зохиол хэлэлцэн, туульс хайлна. Захчин түмний соёлтой танилцуулах
зорилгоор нутгийн малчин айлд нэг
өдөр зочлуулдаг. “Гурван Сэнхэр” жуулчны баазтай
99439377, 98689377, 99009377 утсаар холбогдох боломжтой юм.
“Дөргөнэ хатан” жуулчны баазад завиар аялах гайхамшгийг мэдэрнэ
“Дөргөнэ хатан” жуулчны бааз нь Ховд аймгийн Чандмань сумын нутаг “Бумбат хайрхан” уулын ар хормой болох “Таван харын тал” хэмээх нуур хэвгий
тал үргэлжилж, говийн жижигхэн алаг чулуун хайргаар хучигдсан
өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт байрладаг.
Тус жуулчны
бааз нь нар салхины эрчим хүчээр хангагдсан.боловсон бие засах газар, халуун
ус шүршүүртэй, орчин үеийн стандартад нийцсэн гал тогоо бүхий жуулчны эко бааз
юм. Ховд аймгаас 195 км зайд оршино. Нэг
ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах боломжтой.
Энэхүү жуулчны баазыг зорин
очсоноор Дөргөн нуурын хөвөөнд усанд сэлж, говийн хайрган
чулуун дээр хэвтэн наранд биеэ шарж, нуурын усанд завиар аялах гайхамшгийг
мэдэрнэ.
Домогт Дөргөнэ
хатны нэрээр нэрлэгдсэн Дөргөн нуурын урд хөвөөнд байгуулсан “Дөргөнэ хатан” жуулчны баазтай 83177677, 95117677 утсаар холбоо
бариарай.
Монголчууд амралтаараа заавал гадаадад аялах биш эх орныхоо байгалийн
сайхнаар аялмаар байна гэж ярих болсон. Үнэхээр тийм. Монгол орон, тэр дундаа Алтайн салбар
уулс Ховд аймгийн нийт нутгийн байгалийн сайхан,
үзэсгэлэнт газрууд үнэхээр сэтгэл татам билээ. Та бүхнийг дээрх амралтын газар, эко жуулчны баазад тухлан эх орноороо бахархан амрахыг хүсье.