Гадаадад оршин суугаа 28 бүсгүй алдарт эх болов

LIFESTYLE
ariunbold@montsame.gov.mn
2019-06-04 15:26:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгэмдээ хамгийн нэр хүндтэй басхүү хамгийн ариун нандин шагнал болох “Алдарт эх” одонгоор энэ жил анх удаа гадаадад оршин суугаа 28 бүсгүй энгэрээ мялаав.


Дөрөв болон түүнээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эх 2018 оны байдлаар улсын хэмжээнд 218.6 мянга байсан бол энэ жил 9465 эмэгтэйгээр бүл нэмлээ. Үүний дотор 10 улсад амьдарч буй 28 эмэгтэй багтсан юм. Үүнээс хамгийн түрүүнд Их Британид амьдарч буй Л.Цэцэгсайхан, С.Солонго, Ц.Сарантуяа нар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 01-нд энгэрээ мялаажээ.



Монгол Улс одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хууль баталж, Алдарт эх I, II одонг анх бий болгосон байна. Энэ нь нэг талаараа олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралыг дээшлүүлэх, нөгөө талаасаа улс орны хүн амыг өсгөх зорилготой төрийн бодлого байсан юм. Үүний хүчинд 1957 онд 850 мянга орчим байсан Монгол Улсын хүн ам эдүгээ 3 сая 300 мянга болоод буй.


Саяхан тохиосон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Алдарт эхийн одон гардуулахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулна гэдэг хамгийн сайхан уламжлал. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.Тиймээс Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай” хэмээн цохон тэмдэглэсэн билээ.