ДАРХАН-УУЛ: Соёл, амралтын хүрээлэнг гурван чиглэлээр хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дархан хотын парк буюу Соёл, амралын хүрээлэн жилээс жилд өнгө нэмж, ирсэн зочдын болон иргэдийнхээ мэлмийг баясгаж байна. Хүүхэд, багачууд гэлтгүй бүх насныхан тус хүрээлэнгээр өглөө, өдөр, үдшийн аль ч цагт аялж, амарч, тоглодог.
Нийт 44 га талбай газрыг гурван хэсэгт хуваан хөгжүүлэхээр төлөвлөснийг аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдэгдсэн. Энэ нь ч төлөвлөгөөний дагуу явж, бүтээн байгуулалтууд өрнөж буйг харж болно.
Тухайлбал Соёл, амралтын
хүрээлэн дотор 2.3 км тойрог төмөр зам бий. Энэхүү хүүхдийн галт тэрэг Монголдоо
анхдагч болж чадсан маш том бүтээн байгуулалт.
Тэгвэл хүүхдийн төмөр замын баруун, зүүн талын талбайг нас, насныханд тохирсон чөлөөт цагаа өнгөрүүлэх байдлаар тохижуулж байна.
Зүүн талд нь бүх насныханд зориулсан спорт тоглоомын талбай буюу "Дархан-60" нэртэйгээр байгуулж байна. Сагсан болон гар бөмбөг, дугуйт тэшүүр, экстрим спорт, хананд авиралтын спортыг хөгжүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байна.
Баруун хэсэгт нь хүүхэд, багачуудад зориулсан хөдөлгөөнт тоглоомууд бий. Алсыг харагч, усан онгоцоор хийсэн савлуур, морин тойруулга, агаарын дугуй, эргэлддэг аяга, мөргөлдөж тоглодог машин зэрэг зөвхөн хүүхдүүдэд зориулсан үндсэн хэсэгтэй.
Хол, ойроос Дархан хотыг зорин ирсэн хүн бүрийн үзэх ёстой газар парк буюу соёл, амралтын хүрээлэн гэдгийг хүн бүхэн онцолж байна.
Үдшийн
парк өнгийн гэрлээр солонгорч, 2.7 км дугуй болон явган хүний замаар намуухан
хөгжмийн аянд алхах нь үнэхээр тансаг.
Дарханы иргэдийн тарьж ургуулсан шилмүүст болон навчит модны исгэрэх чимээ, шувуудын жиргэх дуутай өглөө, үдшийн сайхныг зөвхөн энд ирсэн хүн л мэдэрнэ.
Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хоёр дахь нийслэл гэж өргөмжлөгдөх Дархан хотын хөгжил хурдасч хэрэгцээт бүхнийг бий болгохоор төр, хувийн хэвшлийнхэн хөдөлмөрлөж байна.
Гурав дахь үндсэн хэсгийн бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн л улсдаа анхдагч болж буй усан парк. Долоодугаар сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хийж буй уг ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.
Усан паркийн үндсэн үйл ажиллагаа, хэрхэн ажиллах, ямар ямар тоглоомууд байх талаар тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Мэдээж хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангасан, насны ангилалтай, төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулна.
Соёл, амралтын хүрээлэнгийн хамт олон зөвхөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхийг хүлээхгүй, өөрийн орлогоороо тохижилт үйлчилгээ хийж, өнгө гэрлийг нэмэгдүүлж байна.