“Оюутолгой”-н нэрэмжит гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт дөрвөн оюутан шалгарав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-05 14:29:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани боловсролын хөтөлбөрүүдээ танилцуулж, компанийн нэрэмжит гадаадын тэтгэлэгт шалгарсан  оюутнуудад өнөөдөр батламж гардууллаа. Тус компани гадаадын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан 2010 оноос хойш нийт 44 хүнийг 2.5 сая ам.долларын санхүүжилтээр сургасан байна.


 Тус компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын хөгжлийг дэмжин, нягт хамтран ажилладаг бөгөөд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор өнгөрсөн оны 9 дүгээр сард тэтгэлэг зарласан байна. Тэтгэлэгт хөтөлбөрт 4 оюутан шалгаруулсан бөгөөд нэг нь эрүүл мэнд, гурав нь боловсролын удирдлагын чиглэлээр магистрын түвшинд суралцаж төгсөөд Ханбогд суманд гурваас доошгүй жил ажиллаж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн гурвалсан гэрээ байгуулжээ.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын төлөөлөл Б.Номинтуул, “Жирийн нэг жижиг тосгоны охин хэзээ нэгэн цагт дэлхийн нэр хүнд бүхий их сургуульд суралцана гэж мөрөөдсөөр ирсэн. Тэгвэл өнөөдөр мөрөөдөлдөө хүрч, суралцаж ирснийхээ дараа эх орон, Ханбогд сумандаа ирж ажиллана. Олон улсын болон Засгийн газрын тэтгэлгийн түвшинд хүрэхүйц энэ тэтгэлэгт өөрийгөө сориод үзээрэй гэж залууст хэлмээр байна. Миний хувьд зорилгоо тодорхойлсон эссэ, ярилцлага гэсэн хоёр том үеийг давсны үр дүнд тэтгэлэгт хамрагдаж чадсан. Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна“ гэв.

Өдөрлөгийн үеэр Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар сумынхаа хөгжлийн бодлого чиглэлийг оюутан залууст таниулан сурталчлах, улмаар орон нутагт ажиллаж амьдрахыг уриалсан “Ханбогд сумын хөгжлийн бодлого, түншлэл” сэдвээр илтгэл тавилаа. Түүнчлэн “Оюу толгой” компанийн санхүүжилтээр  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Ханбогд сумын нэгдүгээр сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” төслийг танилцуулсан. Уг төслийг 2018 оны зургаадугаар сараас хойш Ханбогд сумын 9-11 дүгээр ангийн сурагч, эцэг эхийн төлөөлөл, багш, ажилчдын дунд хүмүүнлэг, аюулгүй, жендерт суурилсан болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид, амгалан нийгэм болгон өөрчлөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.

Мөн энэ үеэр Оюутны дадлагын хөтөлбөрийн хүрээнд “Үйлдвэрлэлийн судалгааны ажил”-д оролцсон ШУТИС-МТС, ГУУС, МУИС, ХААИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын их сургуулийн оюутнаас бүрдсэн 10 баг, эрдэмтэн багш нар судалгааны тайлангаа танилцуулсан юм.  

Энэхүү цалинтай дадлага хөтөлбөр нь ирээдүйн инженер болох оюутныг үйлдвэрлэлийн ажилд оролцуулан бодит асуудлыг шийдвэрлэх даалгавар өгч, техник мэдлэгийг сайжруулахын тулд хувь хүнд хэрэгтэй чухал чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг байна.

Мөн энэ үеэр жил бүр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарладаг Залуусын хөгжлийн хөтөлбөрийг амжилттай төгссөн 37 сурагч батламжаа гардав. Уг хөтөлбөрт хамрагдсанаар өсөн дэвжин, хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн сургалтад сурч, улмаар гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.

“Оюу толгой” компанийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Лаура Томас хэлсэн үгэндээ, “2010 оноос хойш дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 290, гадаадад 44, Залуусын хөгжлийн хөтөлбөрт 1020, нийтдээ 1350 орчим оюутан залуусыг боловсролын хөтөлбөртөө хамруулж оюуны хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг онцоллоо.

Өдөрлөгт их, дээд сургуулийн 200 гаруй оюутан, багш сурган хүмүүжүүлэгч оролцов.


М.Батчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр




Холбоотой мэдээ