“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой Монгол, ОХУ-ын хэлэлцээрийг хүчингүй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга
хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ОХУ-ын Засгийн газрын
эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”
XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн
өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ хүрээнд Засгийн газраас "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн
“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн
хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар
суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49
хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах болсон. Улмаар "Эрдэнэт
үйлдвэр", "Монголросцветмет"-ийг төрийн өмчит хязгаарлагдмал
хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-аас
соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын
Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1
дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр"
хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн
газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг
соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлснийг
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдлаа.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт
үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банканд барьцаалсны төлбөрийг татвар төлөгчдийн
мөнгөөр төлсөн гэдгийг шүүмжлэв. Мөн тэрбээр, 49 хувьтай холбоотой санхүүгийн
асуудлыг дахин татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй байхын төлөө ажиллах ёстой
гэдгийг анхааруулсан юм.
Хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Мөн Хэлэлцээр соёрхон батлах тухай, Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.