Ц.Цолмон сайд бодлогын баримт бичгээ танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-30 12:41:28

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Хууль сахиулах их сургуулийн эрдэмтэн багш нарын хүсэлтээр бодлогын баримт бичигт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү уулзалт ярилцлага ажил хэрэгч болсон бөгөөд эрдэмтэн багш нарын зүгээс батлан хамгаалах салбарын тогтолцооны тухай өөрсдийн саналаа хэлж, сургуулийнхаа оюутнуудыг "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулах хүсэлтэй байдгаа илэрхийлэхээс эхлээд энхийг сахиулах ажиллагааны талаар сонирхож байлаа.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улсын батлан хамгаалах бодлого, монголчуудын эх оронч үзэл, хүмүүжил, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа гэсэн сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин нь Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэсэн төрлийн цэргээс бүрдэж байна. Олон улсын нийтлэг жишгийг харгалзан нэр томьёоны хувьд өөрчлөн Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр баримт бичигт тусгасан. Түүнээс гадна бодлогын баримт бичигт батлан хамгаалах тогтолцоо Зэвсэгт хүчин, Дайчилгаа, Орон нутгийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Орон нутгийн хамгаалалтыг цөөн үгээр тодорхойлбол бүх нийтээр улс орноо батлан хамгаалах тухай юм. Засаг захиргаа, бүтцийн хүрээнд зохицуулах боломжтой энэ асуудлыг бид тусгайлсан хууль болгох шаардлагатай байгаа учраас мэргэжилтэн, судлаачдын баг хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Бодлогын баримт бичгийг үндэслээд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Та бидэнд хүлээлэлттэй байгаа эдгээр хуулийн төслийг УИХ удахгүй нээгдэх чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлана гэдэгт итгэн найдаж байна. Цагдаагийн их сургуулийн багш нар сайдаас "Төрийн цэргийн байгууллагад Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагууд орно гэж та хэллээ. Дотоодын цэрэг нь одоогоор байхгүй байна. Яагаад дотоодын цэргийг оруулсан юм бол. Нөгөө талаас НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд манай сургуульд тодорхой квот олгож хамтран оролцуулах боломжтой юу" гэж асуухад  "Дотоодын цэргээ эргэн сэргээх шаардлага байгаа учраас оруулсан гэж үзэж болно. Холбогдох албаныхан, эрдэмтэн судлаачид ч гэсэн өөрсдөө эргэн байгуулах ёстой гэдгийг хууль тогтоогчдод хэлж байсан. Удахгүй энэхүү баримт бичгийн дагуу эргэн байгуулах байх гэж харж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухайд, танай салбарт тодорхой квот олгох асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийдэх учиртай. Ер нь НҮБ-ын мандатад цагдаагийн хамгаалалт гэж байдаг юм билээ. Гэхдээ харьцангуй хүнд, эрсдэл өндөртэй гэж ойлгосон. Манай энхийг сахиулагч цэргүүд хэв журам сахиулахаас илүүтэй дайтагч талуудаас иргэдийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Тэгэхээр цагдаа оролцохоор болвол үймээн самууныг зогсоох гээд улам эрсдэлтэй нөхцөлд ажиллаж таарна гэх хариулт өглөө.

УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэлийг Батлан хамгаалах яамны салбар нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудад танилцуулах ажил тодорхой баталсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалаахын сайд Ц.Цолмон болон бусад холбогдох ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн дагуу энэ уулзалт, ярилцлага хийж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ