Португалын хөлбөмбөгийн шигшээ Үндэстнүүдийн лигийн анхны аваргаар тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 12:25:42

ПОРТУ. /TASS/. Порту хотод болсон Үндэстнүүдийн лигийн тэмцээний шувтаргын тоглолтонд Португал улсын хөлбөмбөгийн шигшээ баг Нидерландын багийг 1:0 харьцаагаар хожсоноор аваргын цомын эзэн боллоо.


60 дахь минутанд Гонсалу Гедеш тоглолтын цорын ганц гоолыг оруулсан байна. Тоглолтыг Испанийн иргэн, 45 настай Альберто Ундиано Мальенко шүүсэн бөгөөд энэ нь түүний мэргэжлийн замналд сүүлчийн тоглолт байжээ.


Үндэстнүүдийн лигийн тэмцээний шилдэг тоглогчоор Португалын хагас хамгаалагч Бернарду Силву, шилдэг залуу хөлбөмбөгчнөөр Нидерландын багийн хагас хамгаалагч Френки де Йонг, финалын тоглолтын шилдэг тоглогчоор Португалын багийн Рубен Диаш, тэмцээний шилдэг мэргэн буучаар 3 гоол оруулсан Криштиану Роналду нар шалгарсан байна. 


Нидерландын баг Франц, Германы багуудыг ялж хэсгээсээ шалгарсан бол португалчууд хэсэгтээ Итали, Польшийн багуудыг хожжээ. Хагас шигшээ тоглолтонд голландчууд Английн шигшээг, Португалын баг Швейцарийн шигшээг тус тус ялснаар финалд шалгарсан байна.


Тэмцээний 3 дугаар байрын төлөөх тоглолтонд Английн баг швейцаричуудыг торгуулийн цохилтоор хожжээ.


Түүхэнд анх удаа Европын Хөлбөмбөгийн холбооноос /УЕФА/ зохион байгуулж буй шинэ төрлийн тэмцээн болохҮндэстнүүдийн лигийн тэмцээн нь 2018 оны 9 дүгээр сард гараагаа эхэлсэн юм. Багуудыг А,В,С,D гэсэн дөрвөн лигт хуваасан бөгөөд тэмцээн хоёр жилд нэг удаа болно. 

Холбоотой мэдээ