Налайх дүүргийн цогцолбор сургуулийн санхүүжилтийг шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар бямба гарагт Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдсан зарим асуудлыг нь шийдвэрлэв.
Судалгаанд суурилсан их сургууль болохоор түүчээлж яваа
Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай танилцав. Тус сургууль Германы инженерийн боловсролын стандартыг
хангасан сургалтын хөтөлбөрийг англи хэлээр зааж, Оюутолгой, Тавантолгой зэрэг
томоохон төсөлд ажиллах боломжтой ирээдүйн монгол инженерийг бэлдэж буйгаараа
онцлог юм. Сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм сургалт, судалгааны ажлыг аж
үйлдвэрийн нэгжүүдтэй хамтран цогц байдлаар хийж чаддаг судалгааны сургууль
болохоор зорьж байна гээд 2025 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан
юм.
Дараа нь оюутнуудын инновац шингэсэн бүтээлүүдийг үзэж
сонирхов. Тухайлбал, оюутан Б.Түмэндэлгэр, Г.Лхагвасүрэн, С.Чингүүнбилэг нарын
бүтээсэн робот хотын гудамж, талбайн хог, цас зэргийг цэвэрлэх зориулалттай, тээвэр, батлан хамгаалах, хөдөө аж ажуйн салбарт ашиглах боломжтой ажээ.
Энэ мэтээр залуус суралцангаа бүтээх боломж, чадварыг тус сургууль олгодог
бөгөөд өнгөрсөн онд төгссөн анхны 12 төгсөгч нь бүгд ажлын байртай
болжээ.
Налайх дүүрэг төрийн өмчийн долоо, төрийн бус өмчийн тав,
нийт 12 цэцэрлэг, төрийн өмчийн тав, төрийн бус өмчийн хоёр, нийт ерөнхий
боловсролын 7 сургууль, Насан туршийн боловсролын төвтэй.
Сайд нар тус дүүрэгт ажиллах үеэрээ 23 дугаар цэцэрлэг,
“Голомт” цогцолбор болон хувийн хэвшлийн “Хос уянга” сургуулийн нөхцөл байдалтай
танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг нь шийдвэрлэлээ. Тодруулбал
“Голомт” цогцолбор сургуульд 960 хүүхдийн хичээлийн байр болон спорт заалны
цогцолбор барих санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаар тогтсон
бол 23 дугаар цэцэрлэгийн барилгад анхаарал хандуулахаа илэрхийллээ.