Трамп: БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-06-11 09:34:40

ВАШИНГТОН. /Reuters/. "Японы Осака хотноо зургадугаар сарын сүүлээр болох “Их 20”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн сард Вашингтонд болсон АНУ-БНХАУ-ын худалдааны маргааныг зохицуулах хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээ амжилтгүй болсноос хойш Д.Трамп зургадугаар сарын 28-29-нд болох “Их 20”-ийн уулзалтын үеэр Си Жиньпинтэй уулзаж магадгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын тал уг уулзалтын талаар албан ёсоор мэдээлээгүй байна.


БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг өсгөх эсэх асуудлыг энэ сарын эцсээр болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа шийднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Д.Трамп даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Си Жиньпинтэй уулзана гэж бодож байгаа гэжээ. Мөн тэрбээр, "бид уулзаж, хэлэлцэх хийхээр төлөвлөж байгаа, сонирхолтой зүйлс болно хэмээн найдаж байна. Цаашид юу болохыг харцгаая" гэж хэлжээ.


Хятадын 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ хэдийнэ 25 хувийн нэмэлт татвар ногдуулаад байгаа билээ. Хятадын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдээлэхдээ, Вашингтонтой худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд нээлттэй хэмээн мэдэгдсэн боловч уулзалтын талаар огт дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ