Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-12 19:49:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр УДБЭТ-т боллоо.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оролцож  Соёл урлагийн төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Тэрбээр “Соёл урлаг дан  ганц бие даан хөгжих бус ард олноо соён гэгээрүүлэхэд туслалцаа үзүүлэх ёстой. Та бүхэн Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй байна” гэв.

Соёл урлагийн үндэсний зөвлөл урлаг соёлын төлөөлөгчдөд 2019 оны соёл урлагийн хөтөлбөрүүдийг танилцуулж, санал шүүмжлэлийг нь сонслоо. 2019 онд төлөвлөгдсөн томхон ажлуудын нэг болох Урлаг соёлын хүрээлэн болон Үндэсний номын сангийн барилгыг  шинээр барих  болсонд соёл урлагийн ажилтнууд Ерөнхий сайдад баярласнаа илэрхийлэв. Ерөнхий сайд уг ажлын хүрээнд 2 тэрбум төгрөгийг зураг төсөлд зарцуулаад байгаа болон  барилга байгууламжийн загвар байршлыг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдлээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Соёл урлагийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй ч Засгийн газрын түвшинд олон асуудал шийдэгдэж эхэлсэн. Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг шинээр барихаар газрыг сонгож, зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Улсын Филармоны хөгжим зэмсгийг шинэчлэн, театруудыг автобустай болгосон зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн. Ирэх онуудад УДЭТ, ДБЭТ-ыг шинэчлэн хуучин загвараар нь барих, түүхэн болон хүмүүжлийн ач холбогдол бүхий кино захиалгаар бүтээлгэх, соён гэгээрүүлэх ажилд багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын ажлууд хийгдэх болно. Соёл урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Ард түмнээ соён гэгээрүүлэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын төрт ёсонд иргэдээ гаднаас засдаг хууль цааз, дотоод сэтгэлийг нь засдаг номын засаг гэдэг хосолмол засаглалаар удирддаг байж. Номын засаглал гэдэг нь хүн ардаа эрүүл биетэй, саруул ухаантай хүнлэг нинжин сэтгэлтэй эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх бодлого аж. Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна. Цаашид иргэдээ соён гэгээрүүлэх явдлыг бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Үүнд урлаг соёл, спортынхон та бүгдээс Монгол Улсын Засгийн газар дэмжлэг хүсч байна. Соёл урлагийн Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх нийтийг соён гэгээрүүлэх энэхүү ажлыг хийх хэрэгтэй. Засгийн газар бодлогын суурь баримт бичигүүдийг боловсруулан батлуулахаас гадна дэд бүтцийн асуудлууд тэр дундаа барилга байгууламжуудыг шинээр барих, техник хэрэгслийг шинэчлэх гэх мэт богино хугацааны урьдчилсан арга хэмжээг ч орхигдуулалгүй авч ажилласаар байна” гэв.

Засгийн газраас урлаг, соёлын салбарт анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэж Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн гишүүд мэдэгдлээ. 2019 оноос Мэргэжлийн урлагийн байгууллагууд үйл ажиллагааны орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон нь уран бүтээлчдийн бүтээх туурвих соён гэгээрүүлэх ажиллагаанд  дэмжлэг болж, цаг алдалгүй шинэ бүтээл гаргах боломж олгож, санхүүгийн хүндрэлээс гаргажээ. Мөн түүхэн сэдэвт уран зохиол, дэлгэцийн бүтээл, хүмүүний нинжин сэтгэлийн талаар өгүүлэх кино уран бүтээлийг Засгийн газраас захиалгаар хийлгэх төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв. Ерөнхий сайд УДБЭТ-ын үйл ажилтай бас танилцсан юм. 



Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан,  зохиогчийн эрх  болон боловсон хүчний тал дээр анхаарлаа хандуулж ажиллах, Монгол орны гадаадад нэр хүндээ өсгөх зам нь соёл урлагийн зам гэдгийг онцлоод, байшин сав, барилга бус хувь хүний хөгжлийн  тухай ярих нь зөв хэмээв.

Монголын цирк болон сонгодог урлагийн салбарыг дэмжиж ажиллах хүсэлтийг тус салбарын уран бүтээлчид Ерөнхий сайдад уламжлав. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн  үндэсний зөвлөлийн 2019 оны  хөтөлбөрийн хүрээнд нэгд, бүх нийтийг соён гэгээрүүлэх, хоёрт соёлын өвийн хадгалалт, түгээн дэлгэрүүлэлт, гуравт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дөрөвт сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжих  зэрэг 100 гаруй багц зорилтыг дэвшүүллээ.

                                                                                                                                                                                                                                                                                                     Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ