АТГ-ын орон тоо, бүтэц, цалинг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-13 14:43:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг батлав.


Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын АТГ-ын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлагатай байна.


Хэлэлцүүлгийн үеэр, АТГ-ын дарга З.Дашдаваа хэлэхдээ, АТГ-ын нэг мөрдөгчид 26 хэрэг ногддог. Одоо нэмэгдэх 60 орон тоо нь зөвхөн мөрдөх чиглэлийн алба хаагч биш юм. Орон тоо, бүтцээ соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстээ түлхүү төвлөрүүлж, бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, АТГ-ыг том хэргүүдийг анхааралгүй олон жижиг хэрэгтэй хөөцөлдөж, хүчээ тарамдуулж байгаа гэв. Тэрбээр, "Орон нутгийн сургууль цэцэрлэгийн багш нарыг дуудаж байцаадаг. Тухайн орон нутагт нь АТГ-ын нэгж бүтэц байхгүй учраас байцаалт өгөхийн тулд иргэд хэдэн зуун км замыг туулдаг. АТГ сургууль, цэцэрлэгийн багш нартай хөөцөлдөх ёсгүй" гэв. АТГ-ын дарга З.Дашдаваа хариулахдаа, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу жижиг гэлтгүй хэргийг шийдвэрлэдэг. Сургууль, цэцэрлэгийн хувьд, багш нартай холбоотой гомдлыг нь шалгаж, нэгтгээд нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд хүргүүлж байна гэв. 


Зарим гишүүдээс томоохон хэргүүдийг мөрдөх ажил аль шатандаа байгааг сонирхож байв. АТГ-ын дарга З.Дашдаваа хэлэхдээ, томоохон хэргүүд шүүхэд шилжиж эхэлсэн. Тухайлбал, энэ сард багтаан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой болон бусад олны анхаарал татсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэхээ мэдээлсэн.


Ийнхүү санал хураахад, Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалаа.

Холбоотой мэдээ