Сувилагчдын харьцаа, хандлагыг эмчлүүлэгчид нь дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-06-13 14:51:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмтэл согог, судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг угтаж, “Сувилагчаараа бахархъя” нэг сарын аян зохион байгуулсан нь эмчлүүлэгчдийн талархалыг хүлээжээ.


Энэ аяны хүрээнд сувилагч, туслах сувилагч нарын харьцаа хандлага, эмчилгээ үйлчилгээнд өгсөн хэвтэн эмчлүүлэгчдийн “Баярлалаа” хуудсаар сэтгэл ханамжийн үнэлгээ хийсэн байна. Энэхүү үнэлгээнд 1158 үйлчлүүлэгчээс санал иржээ.


Аяныг тухайн тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн саналын дунд хамгийн олон санал авсан сувилагчийг шалгаруулж дүгнэхэд, Хүүхдийн гэмтэл согогийн хоёрдугаар тасгийн сувилагч Д. Ганчимэг – 33.3 хувь, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн сувилагч О. Дэлгэрмаа 28.3 хувийн саналаар тус тус тэргүүлсэн байна.


Харьцаа хандлага, ёс зүй, ажил үйлчилгээгээрээ шалгарсан сувилагч нарыг “Өргөмжлөл”, “Сакура Медикал” эмнэлгийн хувцасны дэлгүүрээс 100 мянган төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хувцас авах эрхийн бичгээр шагнаж урамшуулжээ.


Тус шагналын санг Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн эмч ивээн тэтгэсэн байна. Цаашид ийм сэтгэл ханамжийн үнэлгээг уламжлал болгон зохион байгуулах нь эмчлэн сувилагч болон эмчлүүлэгч нарт урам өгсөн чухал ач холбогдолтой ажил гэдгийг ГССҮТ-ийн хамт олон онцолж байв.

Холбоотой мэдээ