Индонезод үерийн гамшгийн улмаас олон мянган хүн орон гэрээ орхижээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-06-13 15:22:49

ЖАКАРТА. /RIA Novosti/. Индонез улсын төвийн нутгийн Зүүн-Өмнөд Сулавеси мужид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 5703 хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, усархаг бороо орсны улмаас Лалинду, Валасола болон Ландаве гол эргээсээ хальж, хот суурин газрууд үерт автсан учир иргэд орон гэрээ орхиж, өндөр газарт хорогдохоос аргагүйд хүрчээ. Үерийн гамшгийн улмаас Зүүн-Өмнөд Сулавеси мужийн дөрвөн гүүр эвдэрч сүйдсэн бол 202 байшин, цагаан будааны 1000 орчим га талбай, загас үржүүлгийн 420 га цөөрөм усанд автсан байна.


Одоогийн байдлаар тус мужид байгалийн гамшигт өртсөн хүмүүст онцгой тусламж үзүүлэх арга хэмжээ авч байгаа аж.


Холбоотой мэдээ