“Алтан чагнуур”-ын эзэн шилдэг 10 эмч тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-30 17:49:33

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болсныг эмч нар хэлж байна.

Энэ жилээс “Алтан чагнууртнууд”-ын чансааг улам сайжруулж нарийн мэргэжлийн төрлөөр 10 эмчийг шалгаруулж байхаар болжээ.

Тус шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 40 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм. Ёслол хүндэтгэлийн жиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцож шилдэг эмч нарыг алдаршуулж тэдний цаашдын ариун үйлсэд өндөр амжилт хүслээ.

Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.

1.Гэмтэл, мэс засал судлалын төрөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын клиникийн их эмч Ц.Ишдорж

2.Дотор судлалын төрөлд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын зөвлөх эмч Ц.Алтанцэцэг

3.Өрх,сумын эрүүл мэнд чиглэлээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч С.Хүрэлтогооч

4.Нүд, чих хамар хоолойн өвчин судлалын төрөлд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч А.Күлиза

5.Сүрьеэ, халдварт өвчин судлалын төрөлд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн их эмч Ч.Энхчимэг

6.Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын төрөлд Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч М.Энхтуяа

7.Хүүхдийн өвчин судлалын төрөлд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Ш.Оюунчимэг

8.Нөхөн сэргээх, уламжлалт анагаах ухаан судлалын төрөлд “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн зөвлөх эмч Ч.Эрдэнэ

9.Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлалын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Лхагвасүрэн

10.Хавдар судлалын төрөлд ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа нар тус тус шалгарлаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ