Дундговь аймагт мянга гаруй аж ахуйн нэгж тооллогод хамрагдахаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-30 17:58:59

Дөрөвдүгээр сарын 1- нээс аж ахуйн нэгж байгууллагын тооллого эхлэхтэй холбогдуулан аймгийн Бүртгэл, Статистикийн газар өнөөдөр сумдад ажиллаж буй мэргэжилтнүүддээ сургалт зохион байгууллаа.

Таван жилд нэг удаа явуулдаг энэхүү тооллогын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой гаргаж, дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх бөгөөд тэдний үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлон, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулахад чиглэсэн байна.

Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан онлайн аргыг голлон явуулна. Мөн асуулгаар судалгаа авах аргыг ч хослуулан ашиглах  юм байна. Өөрөөр хэлбэл, Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр, бусад аж ахуйн нэгж, байгууллагыг уламжлалт аргаар буюу тоологч тооллогын асуулгыг биеэр танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх байдлаар гүйцэтгэх ажээ.

“Тооллого явуулах ажлын хэсгийг аймаг, сумын Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулж, сум бүрт хоёр тоологч ажиллана. Дундговь аймгийн хувьд аж ахуйн нэгжийн 60- 70 хувь нь цахимаар тайлангаа өгдөг, дээр нь бүх сум интернэтэд холбогдсон учраас онлайн тооллогыг 4 дүгээр сарын 21 гэхэд дуусгах чигтэй байгаа” гэж Бүртгэл, Статистикийн газрын Статистикийн хэлтсийн дарга Ж. Өлзийжаргал хэллээ. Урьдчилсан байдлаар 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага тооллогод хамрагдахаар байгаа гэв.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ