Консерватив намын даргыг тодруулах эхний санал хураалтад Б.Жонсон тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-14 10:43:08

ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригч Консерватив намын дарга хийгээд Ерөнхий сайдыг сонгох парламентын гишүүдийн эхний санал хураалтад тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон хамгийн олон санал авсан байна.


Уг санал хураалтаас гурван нэр дэвшигч хасагдсаны дунд Нийтийн танхимын тэргүүн асан Андреа Лидсом, Намын сахилга бат, ёс зүйн асуудал хариуцсан дарга асан Марк Харпер, Ажил олголт, тэтгэврийн сангийн үйл хэрэг хариуцсан сайд асан Эстер МакВей нар багтжээ.


Б.Жонсон 114 санал авсан бол түүний араас Гадаад хэргийн сайд Жереми Хант /43/, Байгаль орчны сайд Майкл Гоув /37/ нар жагсжээ. Ирэх долоо хоногт болох дараагийн шатны санал хураалтад долоон нэр дэвшигч өрсөлдөнө.


Сануулан дурдахад, Тереза Мэйн халааг авах хүнийг сонгохдоо парламентын гишүүдийн дунд зургадугаар сарын 13, 18, 19, 20-нд нууц санал хураалт явуулах бөгөөд зургадугаар сарын 20-ны пүрэв гараг гэхэд хоёр нэр дэвшигч шигшигдэн үлдэнэ. Үүний дараа Консерватив намын гишүүдийн дунд санал хураалт явуулж, долдугаар сарын 22-нд эхлэх долоо хоногт шинэ Ерөнхий сайдын нэр тодрох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ