Их газрын чулууны ууланд монгол тарвага авчран сэргээн нутагшууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-14 16:28:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас монгол тарвага авчран сэргээн нутагшууллаа.

Их газрын чулууны уул, түүний орчин тойрны нутаг 2000 оны дунд үе хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Харин иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж, 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж, ер нь бараг устаад байжээ.

2017 оноос хойш тус нутагт тарвага ганц нэг үзэгдэх болж, 2018 онд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарваганы тооллого явуулахад тодорхой тооны тарвага нутагшиж байсан аж.

Энэ нь өөр газраас тарвага авчирч нутагшуулах энэхүү төслийг эхлүүлэх сэдлийг төрүүлсэн байна.

Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдана хэмээн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа мэдээлж, төслийн үйл ажиллагааг дэмжин ажилласан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Байгаль орчин, уур амьсгалын сан, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, М.Зулбаяр захиралтай “Авралын эрэлд” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж байгаагаа мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ