Дэлгэрхангай, Өлзийт сумын нутагт орших түүх, соёлын дурсгалуудыг баримтжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-15 22:55:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Соёлын биет өвийг сэргээн засварлах газраас “Чулуун соёлын өв” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших  “Баруун элгэний бичээс, Өлзийт сумын нутагт орших “Дэл уулын 32 хүнт” зэрэг чулуун дурсгалуудаас хэв авч, баримтжуулснаар түүх, соёлын дурсгалуудыг бодит байдлаар хуулбар хийн архивлан хадгалах, үзмэр болгон ашиглах бүрэн боломжтой боллоо хэмээн судалгааны багаас мэдээлжээ. 

Энэхүү судалгааны ажлыг БСШУСЯ-ны харъяа СӨҮТ-өөс дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд мэргэжлийн таван хүний бүрэлдэхүүнтэй баг энэ оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 5-ны хооронд тус аймагт ажилласан аж.  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд СБӨСЗГ-ын ерөнхий сэргээн засварлагч Д.Нямдорж, сэргээн засварлагч А.Мөнгөнцоож, Т.Сүхбаатар, Э.Батжаргал, бүртгэл мэдээллийн санч Г.Бүрэнтөгс нар ажилласан байна.

Судалгааны үр дүнд дээрх дурсгалуудаас 1:1 хэмээжтэй хэв авч баримтжуулсан бөгөөд энэ нь түүх, соёлын дурсгалуудыг бодит байдлаар хуулбар хийн архивлан хадгалах, үзмэр болгон ашиглах боломж бүрдэж байгаа аж.

Эдгээр дурсгалын баримтжуулалтаас цаашдын судалгаанд ашиглах 240 орчим гэрэл зургийн файл, 2GB цахим файл үүсгэн УНБМС-ийн журмын дагуу дугаарлаж архивлан хадгалжээ.

Дэлгэрхангай сумын “Баруун элгэний бичээс”-ийг “Чингис хаан” дээд сургуулийн эрдэмтэн багш нар Өвөрмонголын Их сургуулийн багш нартай хамтран судалгаа хийжээ. Эртний ханз үсэг судлалаар Хятадад нэрд гарсан судлаачдыг урьж, хамтран Ононгийн сав, Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн байна. Энэ бичээсэнд Өмнөд Хүннү, Умард Хүннү хэрхэн байлдсан тухай, тухайн тулааныг  хэн удирдсан, хэдий хэмжээний хор хохирол учирсан талаар бичсэн байдаг ажээ.

Харин Өлзийт сумын нутагт орших “Дэл уулын хадны зураг”-ийг  судлах анхны шанг 1960 онд А.П.Оклапдников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн шинжилгээний ангийнхан тавьжээ.Тэр цагаас хойш гадаад, дотоодын олон судлаач Дэл уулын дурсгалт газар очиж судалгааг үргэлжлүүлэн хийсээр өдийг хүрсэн байна.

1990-ээд оноос МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш профессор Д.Хүүхэнбаатар уг дурсгалт газарт ажиллахдаа руни бичиг, хадны зургийн талаар эрдэм шинжилгээний нийтлэл бичин, эрдэмтэн судлаачдын сонорт хүргэж, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Батболд нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээний анги “Дэл уулын баруун, зүүн Билүүний хадны зургаас 50 гаруй зургийг хэсэгчлэн хуулбар авч, 2005 онд нэгэн сэдэвт ном болгон хэвлүүлсэн байна.

2006 онд Б.Батсүрэн, Д.Хүүхэнбаатар нар “Дэл уулын хадны нэгэн зургийн тухайд” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж байжээ. 

Холбоотой мэдээ