БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-18 10:30:17

ПЁНЬЯН. /BBC/. БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.


KCNA” агентлагийн мэдээнд дурдсанаар, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ажилчны намын тэргүүн Ким Жөн Уны урилгаар БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин зургадугаар сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх ажээ.


Хоёр орны төрийн тэргүүн нар Солонгосын хойгт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.


БНХАУ-ын дарга сүүлийн 14 жилийн хугацаанд БНАСАУ-д анх удаа айлчилж буй нь энэ юм. Мөн энэхүү айлчлал нь Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас нэг долоо хоногийн өмнө болж байна. “Их 20”-ийн уулзалтын үеэр Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах төлөвтэй байгаа юм.


Ким Жөн Ун Хятад улсад дөрвөн удаа айлчилж байсан бол БНХАУ-ын дарга асан Ху Жиньтао Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ирийн урилгаар Пёньянд 2005 онд айлчилснаас хойш Хятадын төрийн тэргүүн БНАСАУ-д айлчлаагүй байна. 




"БНХАУ-ын даргын БНАСАУ-д хийх айлчлал цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна" гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.


Ким Жөн Ун өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-д айлчлахыг Си Жиньпинээс хүссэн бөгөөд уг урилгыг хүлээн авсан талаар “KCNA” агентлаг мэдээлж байсан юм. БНХАУ-ын даргын айлчлалын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. 

Холбоотой мэдээ