Залуус нэгдэж хуучин шохойн хананд зураг зуржээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-19 10:17:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 3 дугаарын багийн оюутан залуус багийнхаа өнгө зүсийг сайжруулахад хувь нэмрээ оруулсан байна. 

Тэд худалдааны төвийн баруун урд замын дагуух хуучин шохойн ханыг ашиглан зураг зуржээ. Сууцны айлуудын машины гарааш болох явган зам дагуу байрлалтай уг хана халтартаж аймгийн төвийн өнгө үзэмжид таагүй харагддаг байсан билээ. Залуус 5 дугаар сарын 28-наас эхлэн санхүү босгож энэ сарын 11-14-ний хооронд зургаа зурцгаасан байна. Мөн уг зургийг зурахад Эрдмийн гэгээ дунд сургуулийн сурагчид ч гар бие оролцсон аж. 

Залуус ийнхүү нэгдэж хотынхоо өнгө төрхөнд анхаарал хандуулах болоод байгаагийн нэг жишээ энэ юм. Нийтийн эзэмшлийн талбайг төрөөс хараатаар тохижуулж янзлах байх гэсэн сэтгэгдэл аль хэдийнээ ард үлджээ.